Saturday, November 30, 2013
вансэмбэрүү цэцэг
Вансэмбэрүү нь ихэвчлэн 3000 метрээс өндөрт уулын таг царман дундах хад
асганд хосоороо ургадаг, 15 см-ээс 1 метр хүртлэх өндөр, бүдүүн иштэй,
захаараа олон хурц шүдлэгтэй, гонзгойвтор навч нь шилбээ дагасан далавч
үүсгэсэн дэлбэгэр том цагаан дэлбээтэй цоморлигийн голдоо балчир
хүүхдийн зулай адил зөөлөн бүлээн хүрэн толгойтой цэцэг. Цэцгийн голч
10-15 см. Найрлагандаа алкалиод, флавонойд, сапонин, кутарин, зүрхний
глюкозидтай. Монголд нөмрөгт банздоо, байгалийн банздо, дорогстайн
банздоо гэсэн гурван зүйлийн Вансэмбэрүү байдаг аж. Манай орны Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховорхон тархан ургадаг. Энэ
ургамалд эр, эм бэлэг хамтдаа байрладаг, хос бэлэгтэй нэг гэрт ургамал.
Үрээр үржихдээ муу. Өөр хоорондоо 10-20 метрийн зайтай ургах бөгөөд
үүний нууц нь өнөөг хүртэл тайлагдаагүй байна.

Monday, November 25, 2013
азын цэнхэр уулс
глөөний сэрүүнд газар хороохоор их говиос үүр цүүрээр хөдөлсөн нүүдэл өдөр дунд уулын хормой түшив. Нүүдлийн түрүүн зам даан цуварсан хэсэг үхэр явдалд залхан эврээ сэжлэн хүзүү шөргөөж, говь гатлан уул давж үзээгүй тугалууд нь эхийн сүүдэрт нойтон хамраа хаа нэг шургуулан шөрөн шөрөн алхална. Түүний араас энэ хоёр айлын хоньд нарийн хүрэн тоос будруулан тааваараа урагшилна. Гэрэлмаа эмээлийн бүүрэгнээс зүүсэн жижигхэн хүлээн авагчийнхаа дууг сонсон олныг бодож явлаа.
Цогтбаяр энэ жил арван найм шүргэж аминдаа эр танаглаж яваа ч Гэрэлмаагаас баахан нүд хальтрамтгай. Залуу нас гэгч түүнд эр бяр амтагдуулан, бардан сайхан хүслэн хайрлавч айж ичих, нууж шаналах юм гэгч бас бий. Цогтбаярын ээж хэмээх бүдүүн ташаатай, харваас тамирлаг байрын зузаан бор авгай урьд эртийн журмаараа нүүдлийн хөтөч болж нүдэнд нь усан хүрээ татсан ахимаг цагаан атныхаа бурантагнаас үе үе чангаан, биед түшигтэй хэмээн өчигдөрхөн сүргээс барьсан номхон хээр мориныхоо эмээл дээр хазгайдуухан суужээ. Цагаан атны нуруунд тэгнэсэн хоёр арагт Цогтбаярын ихэр хоёр дүү нэг нэгээр сууж, өөдөөс сэвэлзэх намираа салхинд нүд нухлан, гар хуруугаараа наадаж алжаалаа мартана. Ачааны хажуугаар хойтонгийн нүүдлийн ач даахгүй шахам болсон ноолгор халтар нохой чулуунд бүдчих авч бус сөөг шиншлэн шогшино. Тэр бас сэрүүн сайхан уулынхаа нэгэн зуныг үзэх гэж амь тэмцэн яваа бүлгээ. Бие биенээс нь чөрхөлсөн тэмээд хүзүү сунгасхийн, хамар сарталзуулж газрын өгсүүр өөд зүтгүүхэн явна. Ачааны дунд хирд Цогтбаяр, Гэрэлмаа хоёрын аав морины хөнгөн явдалд бие бүүвэйлэн хол ойрыг ярилцсаар гарч ирэв. Сүүлчийн тэмээн ачааны араас, идэр залуугийн сайхан нь тэр л чигээрээ үлдсэн духандаа ов тов сэвхтэй, бие нуруу гоолиг тавиун харц, өрөвч сэтгэлтэй Чулуун явна. Тэр хүн энэ ганц охин төрүүлсэн нь Гэрэлмаа билээ. Чулуун, жилийн жилд нүүдлийн араас гэлдрүүлэн аль тэмээний ачаа суларч алиных нь хазайсныг харж засаж явдаг билээ.
Дарвийн нурууны давчуухан хөндийн зам мөшгөх үес цэнгэг усны чийг амьсгал зөөллөн, голын хойт талын дэвсэгт буй хэдэн гэрийн гаднаас хоёр хар нохой ярдаг чанга дуугаараа хад хавцал алгадан нүүдлийн зүг сум шиг орж ирэв. Тэр чимээнээр гэрээс улсууд гарч, эхнэр хүүхдүүд домботой цай, тавагтай идээгээ барьсаар нүүдэл тослоо. Цогтбаярын ээж Ханд морины жолоог татан зогсвоос, бүх хөсөг хөл амраан сая л уул гэгчийг үзэж буйн адил нүдэн дээр тулж ирсэн бараан уулсын орой дээгүүр тэнгэр харан, зарим нь ботигорсон шаргал шээс савируулж тэр нь замаа уруудан яах ийхийн зуургүй жирэлзэн урсах нь энд хур бороотой, газар дэлхий усанд ханасныг бэлхнээ хэлэх ажээ. Гэрэлмаа Цогтбаяр хоёр хол замд ам цанган уруул хатаж явсан болохоор цай уухаар ачаан дээрээ ирлээ. Нүүдлийнхэн чухамдаа насандаа мартамгүй шаргал цайнаас хөлс савируулан ууцгааж эрдэнэ, хаш соруулт урт гаансандаа дүнс нэрэн:
- Танайхыг удахгүй хярд гарна гэж мэдэж байлаа л даа. Өвгөн бүр хүлээж цөхрөөд нүүдэг ч юмуу гээд өглөө ачлагтаа явсан. Одоо энд бүгчимдээд сууж болохоо байлаа хэмээн нэгэн хэмийн үргэлжилсэн намхан дуугаар ярив. Хүү нь эхийнхээ хормойноос зууран хажуу талаар нь хавтгай шар нүүр гялайлган хүн хүнийг гайхсан харцаар нүд цавчилгүй ажина. Хүүгийн ээж Цогтбаярыг гүймэг хараад:
- Энэ ингэтлээ том болох гэж. Хоёр дүү шигээ арганд сууж ачаанд тэгнүүлээд хяр давж байсан нь саяхан даа гэж тэртээ олон жилийн цаадтайхыг гүймэг дурссанаа, Цогтбаярын хоёр дүүгийн зулай дээр үнэрлэв. Алив хүүгээ нээрэн ч том болсон юм уу гэсэн байртай олзуурхан харснаа:
- Овоо л болж байгаа юм. Гэхдээ яаж арван тэмээ ачаалах вэ. цэрэгтээ яваад ирэхээр бяд ухаан хоёр сууна гэсээр тавагтай идээ дээр байсан том өрөмнөөс тасдан аягатай цайндаа хийлээ.
- Манайхыг хүлээгээд л зусландаа гарч чадалгүй суугаад байв уу? хэмээн Гэрэлмаагийн аав нь асуулаа
- Хүлээлгүй яахав энэ чинь. Говь гаталж ирж байгаа улсад аяга цай залгуулаагүй амиа бодоод нүүлээ гэж амьтан ах дүүс муулах байгаа. Чухам нутагт гараагүй юм хийнэ гэсэн үг гэж хэлээд мөнөөх авгай дахин цай аягалав.
- Танайхан хаагуур зусах гэж байна?
- Майхны эхэнд буух байхаа, өвгөн тийм юм хэлж байсан
- Ашгүй дээ! Ганц зун ч бол айл аймаг зусаж шуугиж явъя.
Нүүдэл хөдөллөө. Авир морины олмоо чангалах зуураа:
- Хүүхдүүдээ! Yхрээ тэгээд орхичих, аяндаа цаадуул чинь хойно урдаа орж гэлдэрсээр байгаад даваа давчихна. Харин та хоёр хонио туу! Ямаа цоролзуур мал шүү. Хойт урьд хоёр уулын асганд авирчихвал цаашаа л явна уу гэхээс наашаа толгой эргүүлэхгүй гэлээ.
Гэрэлмаагийн цэнхэр дурдан алчуур, ханцуй нь сэмэрсэн ногоон тэрлэгийн мөр малын хөлийн тоосонд дарагдан бууралтжээ. Халуун цай уусан болохоор хошуу нь тэрүүхэндээ тойрон улайж нөгөө л дунд сургуулийн наймдугаар ангид байсан шигээ даруухан сүлжсэн тийм ч өтгөн бус хоёр салаа гэзэг нь эмээлийн ганзаганы үзүүр шүргэж алдан сугсалзана. Гэзгэндээ зүүдэг тууз нь л алга байлаа. Бусад юм бүгд хэвээрээ, харин бие төрх өсөн харц булаах нь даанч хэцүү. Цогтбаяр тэр хоёр дөрөө харшуулан явсаар хонио гүйцсэн хойноо морины жолоог татан эргэж нэг харлаа. Тэртээ доод руу ХYйсийн говь усан зэрэглээгээрээ наадан цэлэлзэж, газар тэнгэр хоёрыг ялгах нь аргагүй намилзана. Сайн ажвал ногооны униар тэнгэрийн хаяа шүргэж алдан гүн цэнхэртэж, түүнээс дээш сийрүү саруулхан ажээ. Тэнд Гэрэлмаа төржээ.
- Хоёулаа хониныхоо хоёр талаар явах уу? хэмээн Гэрэлмаа асуув. Цогтбаяр эмээлийн бүүрэгнээс базлан дорогш тонгойсоор
- Хамт л явж байя гэж уруул хөдөлгөх төдий дуугарав
- Ичиж байна
- Хэнээс? Би наад радиог чинь сонсож явмаар байна шүү дээ
- Тэгвэл май! гэсээр Гэрэлмаа ширэн хайрцагт жижиг хүлээн авагчаа эмээлийн бүүрэгнээс мултлан дууг нь хангинуулсаар Цогтбаяр руу сарвайхдаа сүрхий шоглосон янзтай инээв. Цогтбаяр энэ хир эр хүн гэсэндээ дотор дүрсхийн:
- Наадахаар чинь яах юм гэв.
- Тэгээд? эгчээрээ оролдох санаа байна уу? Аав ард явааг мартаагүй биз? хэмээн өгүүлээд Гэрэлмаа нүүр буруулаад хоёр мөр нь тэрүүхэндээ хөдөлж байв. Түүнийг доог тохуу хийн инээсэнд нь Цогтбаярын эгдүү хөдөлж:
- Ядахдаа зургаан сарын түрүүн төрсөн бол ийм үг хэлж болно доо гэхдээ энэ үгийг аав ээж сонсох юм шиг хулгасхийн эргэж харахад нүүдэл тэртээ дор бүрэн баран байсанд дотор уужран Гэрэлмаагийн морины жолоог шүүрч
- Хөтлөөд давхичихна шүү гэв
- Буугаад үлдчихнэ гэж сайхан юм бий
- Чиний санаа чинь гүйцэгдэхээ өнгөрчээ
Тэр хоёр гэнэт түсхийн инээд алдаж бүр элгээ доргитол хөхрөлдөн юу ярьж хэлэлцсэнээ мартан байтал Гэрэлмаа урд уул руу гар сунган:
~Тэр харав уу? хэмээв. Чавга гэдэг нэрийг хэдий нь билээ хүртсэн хув улаан ямаа бүх сүргийг удирдан урьд арын асган өөд дүүлж байлаа. Ямаа асга дамжсан цагт хуурай модны ёроолоос гал тавьчихсан лүгээ адил алга болж өгдөг болохоор Цогтбаяр морины жолоог тийш эргүүлж ард нь Гэрэлмаа:
~Хүүе Цогтоо! Энэ хоргодоод байсан хүлээн авагчаа авахгүй юм уу? гэх доогтой дуу хадаан хоцров. За гайгүй ээ, чи тэгж л бай! гэж Цогтбаяр өөртөө шивнэсэн авч өдөржин гэгэлзсэн сэтгэл нь тогтож, арай дэндүүлчээгүй байгаа би хэмээн бодож эмээлийн гөлмөө дарчигнуулан давхисаар шогшуулав. Гэрэлмаа түүний араас харц үл салган сургуульд байхдаа толгойг нь аваад явсан ч хөдлөхөөргүй амьтан байсан, хүн бас ийм юм ярьдаг аа. Хачин хүүхэд шүү хэмээн бодно. Тэр хоёр хар нялхаас нэг голын шороог ухан тоглож, усыг амтлан өссөн боловч дунд сургуульд орсон цагаасаа эхлэн бие биеэс баахан хөндийрч Гэрэлмаа нь Цогтбаярыг, намайг харж хандахгүй байна гэсэн бяцхан гомдлыг сэтгэлийн мухарт өнөө хүртэл хадгалан яваа билээ. Тэглээ гээд хошуу мурийсангүй хоёр гэрийнхээ хонийг ээлжлэн хариулж, инээхдээ инээн, ичихдээ ичсээр Алтайнхаа нар салхинд бие сэтгэл бойжсоор яваа нь энэ. Цогтбаяр урд ар өөд өссөн хонио намд буулгаад Гэрэлмаа дээр ирлээ. Тэд хэсэг зуур жолоо сул тавин гэлдрүүлснээ олон жил айл нутаглаагүйгээс эзгүйрч халгай шарилж сэгсийтэл ургасан бууцын хажуугаар гарахдаа нурж сэтийсэн чулуун хашааг харан Цогтбаяр
- Энд шинэ хашаа барих уу? хэмээн Гэрэлмаагаас асуулаа
- Барь барь!
- Чи зүгээр ярь л даа
- Зүгээр л ярьж байна шүү дээ. Дахиад л цаад улаан ямаа чинь уул өөдөө шоролзлоо.
- За яахав тэгээд жаахан явж байг. Би чамтай ярих юм байна. Чи сонсох уу?
- Би дуу сонсож байнаа. Тэр нь чамд ч дээр биз дээ? гэж Гэрэлмаа эгдүүтэй хэлээд инээмсэглэв. Түүний инээмсэглэл, эртхэн бодол харцанд нь наадсан гал хоёр нүд, огтоос дуу сонсоогүй харин ч сэтгэл нь нууцхан дэвэрснийг бэлхнээ хэлэх ажээ.
- Наадахаа унтраачих, зай нь дуусчихлаа
- Дууссан ч яах вэ. Дуугарч байсан нь дээр юм.
Тэд ийн ярилцсаар хөндий өгсөн, сэрүүн тэнгэрийн хэвлий өөд ойртсоор байлаа. Нүүдлийн түрүүч мөнөөх бууцны хажуугийн замаар гарч ирэх үес Цогтбаярын эцэг эхнэрээ гүйцэн ирж:
- За Ханд минь алжааж явна уу? хэмээн тоомжиргүйхэн лавлав. Тэр хоёрыг хөндлөнгөөс харахад ханилж суусан хориод жилийн амьдралдаа ярих юмаа бүгдийг шавхчихсан гэлтэй гэр орондоо ч хээр гадаа ч үг цөөн солино. Ханд нөхрөө гайхан харснаа:
- Чи чинь өнөөдөр юу болчоо вэ? гэв
- Яачихсан байна? Ингэхэд чи санаж байна уу? Хандаа? Танайх тэр зүүн буурин дээр, манайх баруун буурин дээр нь байлаа шүү дээ. сайхан байжээ бид хоёр.
Ханд бүдүүн ташаагаа хөдөлгөн эмээл дээрээ суудал засаж, нөхрөө бас ч гэж сэтгэл хөдлөн хайрын нүдээр харсан хирнээ:
- Энд чи надаар анх наадсан чинь санагдав уу? гэж егөөдөв. Тэгсэн мөртлөө дотроо, манай Авир залуудаа ч сайхан амьтан байсан юм даа. Яаж ч болохгүй сэтгэл булаасан хүн хэмээн хайрлаж нөгөө өл ялдамхан харцаараа хүрлэгэр царайг нь илэв.
- Наадах ч гэж дээ хө, ертөнцийн жам хойно яахав. Тэглээ гээд бид дордсон юм алга. Гурван сайхан үртэй болж л явна шүү дээ. Юм гэдэг ингээд цагаа дагаад өнгөрөх аж. Энд манайх буулгүй хичнээн ч жил болов. Хашаа маань нурчихаж. Халгай шарилж ургасаар байгаад хот маань гэрийн буурь шиг л умгар хар юм үлдэж дээ.
- Чи ухаантай эр хүн мөнсөн бол намайг сахиж суухаар нутгаа засаж явах учиртай. Манайх буудаггүй юмаа гэхэд өөр нэг нь нутаглана. Муу эр гэр амьтай гэдэг сүрхий үг шүү гэсээр нөхрөө энэ яаж нь вэ? гэсэн байртай харав. Бууцын хөлний халгайн дотроос хэдэн болжмор дэргэн нисч, нурсан хашаан дээр суун өд сөдөө гөвөэ. Ханд, бид хоёр дэндүү сайн байдаг болохоор бие биенээ гомдоно чинээ саналгүй үгээр шөргөөцөлдөх юм даа. Энэ чинь миний хань,гурван сайхан үрийн минь эцэг, нэг биеий минь дөрөв хувааж, дөрвөн халуун амьсгал болгосон эр хүн шүү. Би амаа татаж явахад гэмгүй хэмээн өөрийгөө зэмлэж үзэв.
- Хойтон ирж буунаа. Хөөрхий муу талийгчаас хойш, сэтгэлээ зовоож явалгүй мартахсан гэж санаад буухаа байсан юм. Хүүхдүүд маань ч бид хоёрыг энд хана дугуйлж тооно өргөснийг мэдэж аваг.
Авир ийн өгүүлснээ эхнэрээсээ үг сонсох санаатай хөлс дааварласан нүүрий нь ажив. Ханд түүнийг харсан ч үгүй
- Yхэхдээ үгээ хэлнэ гэж хадгалж явсаар байгаад үр хүүхэддээ юу ч сургахгүй өнгөрөхөөр, хэлэх юм байвал ухаан саруулдаа хэлж, сургаж байвал дээр дээ. Аав минь надад зөндөө л юм ярьдаг байсан. Чамд өгөхийнхөө урьд өдөр хүртэл цаадах чинь архинд дуртай хүн шүү, сайн хэлж бай! Хүний үрийг болно бүтнэ гэж санаж яваа бол үгээ битгий харамла! гэсэн намайг үг хэлэхэд чи нохой хуцсаны чинээд бодох биш гэсээр том алчуур өврөөсөө гарган магнайнаас эхлэн эрүүгээ шувтарсаар хөлсөө арчив.
- Чи намайг дандаа хэтрүүлж байх юм. Чиний үгэнд зөндөө л орлоо. Одоо ч орж явна гэсээр Авир дөрөөн дээрээ өндийн эхнэрийнхээ бэлхүүсээр тэврэн биедээ ойртуулав. Ханд тийм ч дургүй биш байлаа
- Хар халуунд хүн ноолоод. Уйдахгүй юмуу?
- Сайхан л байна даа. Сайхан гэж Авир хэлэв
- Цаашаа бай! Чулуун, Эрдэнэ хоёр юу гэх юм билээ. морин дээрээ ноцолдоод юу болчив гэвэл... хэмээн Хандыг сануулахад Авир эхнэрийнхээ бэлхүүсээр таалан тэвэрсэн гараа авч
- Yе үе сэтгэл хөдлөх юм даа гэж санаашран дуугарав. Ханд эр нөхрийнхөө үгийг сул гээдэггүй зангаараа:
- Би ч чамд үргэлж сайхан харагдах биш дээ. Гурван хүүхдээ чирээд зайлах газаргүй болохоор голомтны чинь үнсийг зөөж явах юм. Би чамайг өрөвдсөндөө өврөө нээсэн юм. Чи намайг эдлэхээ мэдсэнээс биш эрхлүүлэхээ мэдээгүй. Эмэгтэй хүн нэг ч бол дураараа эрхэлж жаргах юм шиг байдаггүйг чи насаараа мэдэхгүй явсаар одоо боллоо гэхдээ тэгтлээ ч цөхөрсөн янзгүй, харин ч жуумалзан инээмхийлэв.
Нээрэн ч тийм шүү золиг! Энэний үглэдэг ч аргагүй л байхаа даа гэж Авир эхнэрээ өрөвдлөө. Тэд анх л айл гэрийн үүдийг нээж өрх татсан, энэ орчлонд мартаж болохгүй бууцныхаа хажуугийн замаар тэмээн тавхай ярс ярс хийлгэн өнгөрлөө. Тэд ид залуу нас, бие биедээ хуурай тунирхавч сэтгэлдээ жаргалын шүтээн болгон хайрлаж явдаг анхны учралаа нэхэн санаж үг дуугүй гэлдрүүлэв. Авир насны даваанаас залуу цагаа эргэж харсан гундуухан бодлоор зүрхээ булгиулан сайхан ч байж дээ. Ахиад нэг залуу болдогсон бол тэр цагийн алдаа нүгэл бүхнийг гэсгээн ухаантайгаас ухаантай амьдрахсан ч гэж бодно.
- Ханд аа! Дахиад нэг залуурахсан гэж нөхрөө өгүүлбээс Ханд:
- Яах нь вэ! өөр авгай авах нь уу? хэмээн цаашлуулав
- Yгүй дээ, одоогоосоо ухаантай явахгүй юу
- Харуусах хэрэггүй ээ. Чиний залуу нас чинь аль түрүүн хөндийн өгсөөд хэдэн хонио хөөгөөд алга боллоо. Даваан дээр гараад уулзаарай. Түүнийгээ л нэг хүн шиг болгож үз хэмээн эхнэр нь бардам хэлэв.
Нээрэн ч тийм юм даа. Миний хүү эр болж явна шүү. Хүнд түшигтэй л хүн болоосой билээ. Бидний багыг бодоход одоогийн эд сургууль соёлын мөр хөөж үзсэн нь бага байлаа гэхэд дуулсан нь их болжээ. Тэгээд ч манай Цогтбаяр хашир хүүдээ хэмээн хүүгээрээ бардаж нэг бодов. Эхнэр нь, хичнээн ч жил би үүндээ тунирхах вэ. одоо амаа татаж явъя. Энэ байхгүй бол би өдий зэрэгтэй байх уу? Хөөрхий минь хүний урманд намайг мөр улайлгаж, гэдэс өлсгөсөнгүй хэмээн санаж улаан нүүрэн дээр тулж ирсэн хад асгат бараан уулсын оргил өөд ширтлээ. Уулсын харц шовх оройд хөнгөн будан сэмэрч, тув тунгалаг тэнгэр алга дарамхан газар цэнхэртэнэ. Тэр шовх бараан оргилын цаана гарч, тэнгэр цэнхэртсэн зусландаа буухад амьсгал уужрах билээ. Эрдэнэ ачааны түрүүчийг гүйцэн ирж Авиртай зэрэгцэн:
- Хоёр банди унтчихаж хө гэв.
Авирын ихэр хоёр хүүхдэд Чулуун, Эрдэнэ хоёр амь мэт хайртай бөгөөд бид хоёрт хүүгийн заяа дутсан гэж ярих дуртай. Хүүхдүүд тэмээний явдалд бүүвэйлэгдэн нэг нь урагшаагаа нугдайж, нөгөө нь арагны ирмэг халхалсан дээл дээгүүр можигор гар унжуулан унтаж байв. Өгсөх тусам газар огцомхон сэрүү татаж, аги гангын үнэр анхилан, алтан хараацай унасан морины омруун доогуур сүвлэн нисэж эхлэв. Сэрүүн сайхан Алтай гэгч зундаа амьд бүхнээ оргилдоо дууддаг бүлгээ. Шувууд хүртэл цэцэг жимс, нар салхиа дагах юм даа гэж Авир ус нутгаа бахдан энэ азын цэнхэр ууланд амьтан бүхэн бий. Жаргая гэсэн хүн энд төрдөг юм. Миний хүү азтай хүү шүү дээ. Тэрийн болгон хүн ийм сайхан газар, ийм эрээн алаг цэцгэн дээр хөл тавьдаг юм биш. Уул шигээ түшигтэй, тал шигээ сэтгэлтэй хүн яваарай хэмээн захисан эцгийн сургаалийг чимээгүйхэн санаж явлаа.
Зуны эхэн сарын гал шаргал наран Сутай уулын баруун мөрөн дээр алтарч байхад нүүдэл даваан дээр гарч ирлээ. Нүүдлийн түрүүнд даваа давсан хонь үхэр нь бэлчээр дүүрэн налайж, хүү охин хоёр нь оройд ёрдойх хоёр гурван зэвхий модноос уясан элдэв даавууны тасархай зөөлөн салхинд үе үехэн дэрвэнэ. Нүүдлийнхэн овооны дэргэд ачаагаа зогсоон овоонд чулуу нэмэрлээд, Авир түрүүчийн тэмээг сөглөн хэвтүүлж нойрондоо дарагдсан хоёр хүүгээ сэрээн арганаас буулгаж газар гишгүүллээ. Нойрмог хүүхдүүд өтгөн өвсөнд хөл орооцолдуулан хоёр гурав бүдэрснээ тэнцэж газар дэлхийг гайхан байв.
- Айдаа бас сайхан зуншлагатай байна даа гэж Эрдэнэ өврөөсөө дуран гарган хавь ойрыг дурандахдаа хэрэг болгон Гүний овоо хэмээх уулын орой руу харав. Хоёр бараан морь бие биенийхээ сүүдэрт толгой хоргодон сүүлээ шарваж зогсоно. Чингэтэл охин нь морьдын цаад талаас, Цогтбаяр араас нь гарч ирэхийг хараад дурангийн хараагаа бушуухан эргүүлж
- Ай даа бас сайхан зун болж байна даа гэдэг үгээ давтав. Авир түүний нь ажин эхнэр рүүгээ нүд ирмэснээ, манай тэр гайхал ер нь юу л хийгээд яваа хүн бол? гэж санав
Чулуун ногоон дээр жижигхэн ширмэл ширдэг дэвсэж идээ цагаа засан аяга шаазан тавиад:
~ За цай ууцгаа! Гэхдээ ёс төрийг бодож Алтайдаа цайны дээж өргөхдөө аав ээж маань ч сайхан заншилтай улс байж дээ. Нутгаа хайрласнаас л ийм заншил гарсан байхдаа гэж санан түүхий сүүний тос даасан бяслаг, зүсэм өрөм, хэдэн ааруул овоон дээр тавилаа. Yүнийг Алтай зооглохгүй, Алтайн минь нэг амьд амьтан, үнэг туулай ч юмуу, жигүүртэн үгүйдээ чоно ч бол аваад идчихэг гэж бодов. Чингэснээ ачаа даган туйлдаж нүд цийлсэн нохойдоо зэхий хярам долоолгон голыг нь норгов.
- Хүүхдүүд ирж цайгаа уугаасай билээ. Эд ч тэгээд цайсах биш дээ. ус ч бол унд болж явдаг нас гэж Ханд хэлэв.
- Ачаагаа хараад ирцгээх байлгүй гэж Эрдэнэ эхнэрээ нүднийхээ булангаар ажин өгүүлээд гаанс тамхи гаргав. Ханд халуун хүзүүнд нь хадаг уясан ваартай архиа гарган дөрвөнтээ домчлоод сөхөрч суун түшиж аягалав
- Май хө Эрдэнээ? Чулуун алив чи наашаа суу гэсээр хундагатай нэрмэл барив.
- Намайг мартчихаж байгаа юм биш биз дээ? хэмээн Авир хүд хүд хөхрөн завилж тухлав.
- Хаанаас даа. Муу өвгөнөө мартчихвал гомдоно байгаа гэж Ханд хэллээ. Бид дөрөв даанч сайхан үерхсээр, түүнийхээ хүчинд өдий хүрчээ. Ханд Авир хоёр шиг түшигтэй улсыг бидэн хаанаас олдохов гэж Чулуун дотроо бодож суулаа.
Гүүний овоо хэмээх эрт цагийн тахилгат уулын орой дээр хоёр морь сүүл шарван зогссоор л байлаа.
~Ачаа даваан дээр ирчихсэн байна шүү дээ! Хэмээн Гэрэлмаа, Цогтбаярт анхааруулсан хиртээ тэртээ дорогш шовх орой нь түмэн жадны үзүүр шиг шивээлсэн сүр бараат их уулсыг харсаар суулаа. Тэр уулсын тэхийн биенээс арай дээхнүүр торгон будан мушгирч, нарны туяа туссан хад хавцал нь хүрлийн хүрэнтэнэ. Уулсаас цааш үүр шөнөөр ачаалан гарсан Хүйсийн говь үлгэр, зүүд хоёрын алин болох үл мэдэг өнгөөр суунаглан сэтгэлийг нь булаана. Хараад байгууштай байлаа. Газрын оёороос оройд нь гарсан энэ нүүдэл Гэрэлмаагийн амьдралд хэдэнтээ давтагдсан ч өнөөдөр шиг сэтгэл сэнсрүүлсэн нь үгүй. Мөнөөх эмээлийн бүүрэгт өлгөсөн хүлээн авагч нь ая дуу ч үгүй паржигнаж хэрчигнэсэн чимээгээр чих цоргино. Гэрэлмаа өчигдөрхөн хонь хариулж явсан, одоо нүдний үзүүрт униартах их говио ажсаар, аавыг сумын төв орохоор гоё дугуй толь, нүүрний будаг захъя байз гэж бодож суулаа.
Цогтбаяр мөн л Дарвийн нурууны ар болох цийлэн цэнхэр говьдоо харц бэлчээн Гэрэлмаагаа өнөөдөр би дэмий л зовоож дээ. Тэгээд л энэ маань ингэтлээ бодол уйтгар болсон байх хэмээн өөрийгөө зэмлэнэ. Тэртээ дор шовх оргил дээгүүр түрүүнээс хойш эргэлдсэн хоёр тураг шувуу, баасанд цайрсан ханан хадан дээр зэрэгцэн сууж элгэн биеэ наранд ээнэ.
- Явах уу? Хэмээн Цогтбаярыг асуухад Гэрэлмаа:
- Явъя л даа гэж зүрхэнд ойрхон хэлээд Цогтбаярт гараа өглөө. Гэрэлмаа хормойн цагаан өвсийг гөвсөөр морь руугаа очлоо. Цогтбаяр түүнийг ажин магнайгаа гунигтайгаар үрчийлгэн хөмхий хазална. Газрын намд буусан хойноо Гэрэлмаа айж цочирсон дуугаар
- Аав юу гэх бол? хэмээн гэнэт асуув
- Бид юу ч хийгээгүй шүү дээ
- Тэгсэн ч гэсэн дээ
Тэр хоёр давааны ард налайх хонь руугаа явлаа. Тэднийг харсан Эрдэнэ хоолой засан, өмнөх хундагатайгаа балгаад
- Хүүхдүүд ирж амныхаа цангаа гаргахгүй юм болов уу? гэж Авираас асуух янзтай дуугарав
- Аяганы амсар зуулгалгүй яахав. Мал дагасан муусайн хүүхдүүд буяны нь үзнээ гэсээр Авир суудлаасаа босч хөлс шороонд пад хар болсон хуучин бүрх малгайгаараа даллав. Гэрэлмаа
- Очоод яах юм бэ гэж Цогтбаярыг хориглоно
- Очьё доо, өөр хаашаа явах вэ
Гэрэлмаа Цогтбаярыг даган гэлдэрлээ. Одоо түүнд энэ хүн шиг нөмөр нөөлөг байхгүй санагдана. Эр хүн гэсэндээ зүрхтэй байх нь гэж бас ч сэтгэлдээ урамшив. Тэр хоёрыг ирэхэд эцэг эх нь санасныг бодоход юу ч хэлсэнгүй, харин ч холын зочид шиг хүндлэн
~Миний хүүхдүүд цай уу. хөөрхийс дөө, мал дагасаар байгаад явдалд харшчихаж. Тэгж явсаар байгаад нэг юм болноо. Энэ азын цэнхэр ууланд чинь ажилтай, ухаантай, ах дүүдээ элэгтэй хүн амьдардаг юм хэмээн аавын сургаалыг хүүдээ хэлээд Авир, Цогтбаярыг эр болж дээ гэсэн харцаар ажив. Эрдэнэ:
Алив хө Авираа, чи Цогоод шимийн юмнаасаа хийгээч гэж хэлэхэд нь Цогтбаяр эцгээсээ эмээн царай улайлгав. Аав нь архи хундагалан хүүдээ ёс төртэй барилаа. Цогтбаяр, үгүй мөн хачин юмаа. Аав надад архи өгч байдаг. Уучихвал яадаг бол? Хэмээн гайхсаар Гэрэлмааг сэм харвал түрүүхэн зүрх нь хагарчих гээд байсан хүн харин өрөөсөн нүдээ ирмэн дооглох аястай суув.
Даваан дээр гарсан эр хүн байна даа, балгачих гэж Эрдэнийг өгүүлбээс Цогтбаяр нүдээ аниж байгаад хүртэж орхилоо. Хамар амаар сэнгэнэн, нулимс цийлэлзэж өр гол зураад явчив. Арайхийн амьсгаа аваад эцэг эх хоёроо харваас бүрд гайхаж хоцорсон улсууд амаа ангайх нь холгүй сууна.
- Одоо болноо гэж Цогтбаяр хахаж цацан хэлэв
- За хөдөлцгөөе. Бид хоёр түрүүлж очоод гэрийн буурь харж байя. Ханд та хоёр зүтгүүлээд хүрч үз хэмээн Эрдэнэ эхнэртээ хэлэв.
- Миний хүүхдүүд хониндоо яв гэж Авир хүүхдүүддээ хэлээд өвсөн дээр дээш харуулан хаясан хуучин бүрхээ өмслөө. Хүүхдүүд малдаа явж, туулайн зоо шиг уран дэнж дээгүүр Авир, Эрдэнэ хоёр шогшуулан давав. Ханд, Чулуун хоёр голын үгээ ярьж явлаа.
- Хөөрхийдээ би муу Авирыгаа оролдсоор байгаад ууры нь барчихсан юм. Эр хүн үерхэнэ гэдэг хараад атаархмаар юм даа. Манай нуруунд энэ хоёр шиг салж хагацахаа байсан нь ховор шүү. Мал хүртэл ижилддэг хойно хүн ч аргагүй юм байхаа даа.
- Ёстой хар нялхаасаа үерхсэн хоёр доо. Чи бид хоёр ч азтай шүү хө. Энэ нутагт ховорхон л эрчүүдийн гал түлж явна. Yүнээс илүү яахав хэмээн ярьж явлаа.
Майхны гол ус булаг нь харгилан, цэцэг нь алаглаж байлаа. Түрүүлж буусан айлуудын мал хунх хотоос болгоны нь эзлэн налайж, хүн мал шуугилдана. Гэрэлмаа, Цогтбаяр хоёр гэрээ барьж байхад ирлээ. Ачлагаас суларсан тэмээд гол уруудан ааг зоог алхална. Цогтбаяр жолоо татан морины алхаа сааруулж:
- Гэрэлмаа, дахиад уулзах уу? гэж аргадангуй дуугаар асуув
- Уулзъя аа. Зургаан мөнгөн мичид дээр уулзъя. Би тэнд таныг хүлээж байна гэсээр Гэрэлмаа хормойгоороо өвдгөө ороон эмээл дээрээ цэмцийв
- Yнэнээ хэл л дээ Гэрэлмаа
- Yнэнээ хэллээ. Тэнд надтай уулзаарай
Тэр орой нүүдэлд ядарснаас ч тэр үү уртаас урт бүргэр үдэш болов. Гэрийн дотор эд хогшил, авдар саваа нааш цааш нь зөөж байрлуулан сүү сааль гэсээр од түгсэн хойно унтацгаалаа. Гэрэлмаа ор дэвсгэрээ тэврэн гадаа унтана гэсээр гарав. Цогтбаяр мөн л хөнжлийн цагаан даавуугаа хөглөрүүлсээр гарч алга боллоо.
Их уулын шөнө сэрүү татан, хар шүүдэр бууж чийг даана. Хаа нэгтээ монголын бух сүр бадруулан урамдаж, голын ус шоржигнон урсах нь хүртэл ойрхон сонсогдоно. Шөнийн зөөлөн салхи чихнээ нэгийг шивнэх ажээ. Гэрэлмаа бараг нүүрэн дээр унасан зургаан мөнгөн мичдийг ширтэж, Дарвийн нуруу гэдэг даанч өндөр юм даа. Одод дунд хонь нь хотлохоор газар. Ингээд зусландаа ирдэг байжээ хэмээн бодож нойр хулжаан байлаа. Цогтбаяр элгэн дээрээ гараа зөрүүлэн гүн харанхуй тэнгэр өөд ширтэж, мөнөөх зургаан мичдийг нүдээр тоолон яах ч аргүй зургаан л од юм даа. Сайхан ч од юм. Гэрэлмаа хачин хүүхэд шүү гэж санаснаа гэнэт сэхээ авч лав гадаа унтсан байх. Тэгээд л хэмээн босч нойтон өвсөнд оймсоо норгосоор мярайж очив. Гэрэлмаагийн толгой тус газар чимээгүйхэн сууж амгалангаас амгалан царайг нь хэсэг ажлаа. Гэрэлмаа зөөлхөн амьсгалж бөх гэгчийн нойрсон байв.
- Гэрэлмаа би байна. Гэрэлмаа!
Гэрэлмаа нүдээ аньсан хэвээр:
- Би болзоондоо оччихоод ирсэн шүү дээ
- Чи унтаагүй байсан юмуу?
- Яаж унтах юм? Юм бодож байна
- Юу бодож байна?
- Аав толь авчирч өгөхөөр нүүрээ харж гоёод тэгээд болзоонд дахин очихгүй юү!
Цогтбаяр түүнийг хайрлан харсаар байлаа. Гэрэлмаа тэрүүхэндээ инээмсэглэснээ, гэнэт гүн бодол нүүрэндээ тодруулан сүүрс алдав. Ингээд л явж байя даа. Энэ хүн өөрөө мэднэ биз. Цаг нь болохоор энэ айлын ачааг би хөтөлж, цаст цагаан уулынхаа даваа бүхнийг давах ч юм билүү хэмээн боджээ. Гэрэлмаа Цогтбаярын гарыг халуун алгаараа атган:
Явж унт даа, маргааш чиний хонины ээлж, явж унт гэв.
Yүр хаяаран уулсын дээгүүр шаргал туяа хярхаглана. Цэв цэлмэг нэгэн сайхан өдрийн зураг шиг ганц шунхан улаан үүл Гүний овооны хад чулуунаас хагацаж ядан зууралдах ажээ.
Хачин хурим
Хачин хурим (Ц.Дамдинсүрэн)
Салхи сvнгэнэхээс єєр чимээгvй єргєн тал нутагт хадлангийн станц байгуулагдаж, моторын дуу хvнгэнэх боллоо. Энэ станцын тєвд цагаан байшингууд, хэдэн арваад гэр, том гарааш баригадаж олон машин трактор байдаг боллоо.
Нэг vдэш олон гэрийн баруун захын том гэрт их хєл vймээнтэй байна. Механикч Санжилынх хурим хийж ганц охиноо гэрлvvлж байгаа юм байжээ. Гэрийн хоймроос голомт хvртэл намхан урт ширээ засаж дээгvvр нь тарган хонины бvхэл мах, чанасан бууз банш, хэвийн боош чихэр, хувинтай айраг тараг, тавагтай єрєм зэргийг тавижээ. Ширээг тойрон олон хvн сууж байна.
Ширээний хойд голд хvрэн торгон дээлтэй, туранхай бор хvvхэн намхан ханазан дээр сандайлан сууж байна. Энэ бол Санжилын ганц охин Олзвой юм байна. Олзвой дунд сургуули тєгссєний дараа багшийн тvр курс хийж ирээд эндхийн бага сургуулийн багш болжээ. Тvvнйи дэргэд гомсог костюм ємссєн хvрэн царайтай, гозгор залуу сууж байна. Энэ бол хvргэн хvv Яндаг байна. Яндаг цэргийн албанаас халагдаж ирээд энэ станцын жолоооч болжээ. Сая гэрлэж байгаа энэ хоёр залуу, олон хvний ширцэн бай болж энд цомбойн суухын оронд гадаа гэрийн ард буюу байшингийн хажууд хоёулхнаа зогсож байгаасан бол хэчнээн их жаргылтай байх билээ.
Энэ хоёр залуу танилцсаар хэдхэн сар болж байна. Хавар тєл бойжуулахаар нэгдэл дээр хамт ажиллаж танилцаад зун хадлан дээр хэд хоног ажиллаж бvр сайн танилцаад одоо гэрлэж байгаа юм байна.
Ширээний баруун эгнээйи эхэнд єргєн цээжтэй тавиад насны механикч Санжил ажээ. Санжил эхнэргvй хэдийн гоонь болж ганц охин Олзвойтойгоо хоёулхнаа олон жил амидарсаар иржээ. Ширээний зvvн эгнээний эхэнд нэлээн ядарсан байдалтай туранхай буурал эмгэн сууж байна. Энэ бол Яндагийн эх Должин ажээ. Хvvгээ гэрлэх гэж байна гэж дуулаад говийн нэг сумнаас арваад єртєє замыг туулж єнєє єглєє ирсэн юм байна. Должин гуайн дэргэд дунд мяраалаг биетэй тэргvvнйи жолооч Тогоо сууж байна. Тvvнээш доош бага сургуулийн захирал, багш нар дарааллан суужээ. Санжилын дараа станцын намын vvрйин нарийн бичгийн дарга Гэлэн, бусад жолооч, механикч нар дарааллан суужээ. Хэдэн авгай, хоол ундыг бэлтгэх засацгаах ажлыг хийж байна.
Цугларсан хvмvvс єрхийн тэргvvлэгч Санжилыг vг хэлж хуримаа эхлэхийг хvлээж хоорондоо шивэр авир ярилцаж байна. Намын vvрйин нарийн бичгийн дарга Гэндэн, Санжилын тохойноос татаж:
- За vгээ хэлж хуримаа эхлэх юм биш vv? гэсэнд Санжил Должинд хандаж
- Нас ахтайгаараа Должин гуай эхэлж vг хэлнэ байгаа гэсэнд Должин нэлээд самгардсан байдалтайгаар
- Би хєдєєний малчин хєгшин, юу хэлэх юм билээ дээ? Ганц хvvгээ ханитай болсонд их баярлаж байна. Сайн сайхан бэртэй болсондоо би баярлаж байна. Энэ хоёр хvvхдийгээ их аз жаргалтай гэж хvсэж ерєєж байна. Єєр юу хэлэх вэ? гэсэнд Санжил эмгэний vгийг дэмжиж:
- За Должин гуай бид бvгдийн санал хvслийг илэрхийлж хэлэв. Би нvдний цэцгий мэт хайртай ганц охиноо ханитай болсонд баярлаж байна. Сайн хvргэнтэй болсондоо баярлаж байна. Хєгшин ээж, аав хоёр чинь та хоёртоо их аз жаргалтай сайн амидарч явахыг ерєєж байна гээд сvvтэй мєнгєн аягыг хєх вандан хадаг дээр тавиж хоёр залууд єгєв. Хоёр залуу аяга хадгийг тавин аваад сvvг ээлжлэн амсаад ширээн дээр тавив. Должин гуай:
- Би хайрт бэрдээ энэ бєлзгєє дурсгаж бэлэглие гээд гараасаа нарийхан алтан бєлзгийг сугалан авч єглєє.
Олзвой, Яндаг хоёрын аз жаргалын тєлєє бvгдээр хундагатай архиа ууцгаав. Дараа нь эх Должин, эцэг Санжил нарын эрvvл мэндийн тєлєє ууцгаав. Олон хvн дарааллаж vг хэлж гэрлэж байгаа хоёр залууд ноосон цамц, дээлийн торго, толи, vзэг зэрэг бэлгийг єгч байна.
Тэгээд хэн чаддаг дуу дуулж, хэн чаддаг нь хуур хуурдаж, бас зарим нь ерєєл хэлж байна. Хоёр залуу баахан бишуурхэн сууж байснаа босож олныг vйлчлэх ажилд оролцож єєрсдєє дуу дуулж наргианд орж эхлэв. Яндаг аятайхан хэдэн дуу дуулав. Баяртай хурим хєгжилтэй єрнєж байна.
Энэ хурим дээр цугласан хvмvvсйин сэтгэлийг баясгах хэдэн чухал шалтгаан байлаа. Тус хадлагийн станц энэ жил тєлєвлєгєєт ажлаа зуу гаруй хувиар биелvvлж аймагтаа тvvрvvлж мєнгєн шагнал авсан байна. Тvvгээр ч барахгvй, тус станцын тэргvvн хоёр хvнийг Зєвлєлт улсад жуулчнаар явуулах болжээ. Тэр хоёр хvний нэрэнд Санжил, Тогоо нарын нэр дэвшигдээд тэр хоёр удахгvй мордох гэж бэлтгэж байна.
Хєгжил цэнгэлтэй олны дунд ганцхан Должин гуай жаахан санааширсан байдалтай айраг амсаад дув дуугvй сууж байлаа. Yvнйиг авгай нар ажиж мэдээд:
- Должин гуай нэг юм ярихгуй юу? гэж гуйцгаах болов.
- Би юу ярих вэ? Хvvхэд мини. Би бvх насаараа аргал хоргол тvvж явсан хvн. Тvvнйиг ярихгуй бол єєр юугаа ярих вэ? гэв. Гэтэл Тогоогийн эхнэр Дэжидмаа:
- Та аргал хоргол тvvснээ ярисан ч бидэнд сонин болно. Должин гуай бол бидний дотроос хамгийн ахмад настай, хамгийн их ажлын туршлагатай хvн. Тэгээд ч хол газраас ирсэн, бидний хvндэт хvн байна. Би Должин гуайн эрvv мэндийн тєлєє нэг хундага єргие гэж нэг хундага дэвшvvлж уугаад:
- Должин гуайн аж амдралаас сонсохыг хvсэж байна гэж хэлээд суув. Должин гуай учраа олохгvй эргэлзэж байхад хvv ни:
- Ээж та юм яри л даа. Єєрийнхєє хийж явсан ажлаас ч хамаагvй. Эд нар чинь цєм бидний дотны нєхєд шvv дээ гэсэнд Должин гуай жрам орж:
- За гээд юм ярих болов.ЦХимээ гаргаж шуугих гэсэн зарим хvнийг дэргэдэх нєхєд нь зєєлхєн дугтарч дуугай болгов. Должин гуай ийш тийш хараад vгээ эхлэв:
- За дvv нар минь би ганц vртэй хvн дээ. Тэр минь энэ Яндаг байна. Хvvгйин минь эцэг али хэдийн нас єнгєрсєн юм. Би ганц хvvгээ харж явдаг хvн. Энэ маань одоо ажилтай боллоо, ханитай боллоо. Их сайхан ханитай болсонд би их баярлаж байна гээд эмгэн жаахан тvгдрэв.
- Би ганц vртэй ч уг нь хоёр vртэй юмсан. Яндагийн нэг дvv байсан. Тvvнйигээ ами vхснийг бид мэдэхгvй болсон. За ийм юмыг ч єнєєдєр яриад яах вэ? гээд дуугай болов. Тэгэхэд Дэжидмаа эхнэр:
- Должин гуай, зvгээр, та яри. Єнєєдєр жаргал зовлонгоо яригуй юм бол хэдийн ярих вэ? гэхэд нэг авгай:
- Тийээ тийм. ЦХааваас хєєрхий, хvvхэд нь сургуули юм уу албанд яваад гэртэй захидал бичдэггvй юм байхдаа. Одоогийн зарим залуус гэр орноо мартаад таг чиг болчихдог юм шvv дээ гэв. Должин хэлэв:
- Сургуулид яваагvй, тэр маань зvгээр л алга болсон юм гээд санаа алдахад сонсогчид гайхаж бие биеэ харцгаав. Должин гуай vгээ vргэлжлvvлэн:
- За нэгэнтээ эхэлснээс хойш бvр яричихя даа. Энэ бол их олон жилийн урид болсон хэрэг юм. Тэр vед хvvгйин маань эцэг амид байсан. Манай хvv Яндаг найман настай байсан. Нєгєє дvv нь хоёр настай байсан. Яндаг дvvгээ дагуулаад тугал буцаах гэж явсан юм.
Тугалнууд нь бэлчсэн vхрийн хойноос гvйгээд гvйцэхгvй болохоор нь дvvгээ шаваастай аргалын сvvдэрт суулгаж орхиод тугалынхаа хойноос явж тугалаа туугаад эргээд ирэхэд дvv нь алга болчихсон. Тэгээд би тvvнйиг эрээд олоогvй. Тэнд нэг алаг моритой хvн явж байгаад хєлстэй алаг морио алж аргалаар булж орхиод шаваастай аргалын дэргэд чєдєртэй байсан манай хашин хээр морийг бариж унаад явсан юм. Тэр хvн миний хvvхйдийг аваад явсан явсан юм гэхэд нэг жолооч:
- Эмээ минь алга болсон хvvгйинхээ тухай сvvд яри л даа. Одоо энэ хvvгйинхээ тухай яривал дээр биш vv? гэхэд Гэндэн:
- Хvний яриаг хориглох хэрэггvй. Эмээ минь яри, яри гэв. Должин гуай:
- Тэгээд нэг их ярих юм ч алга. Сvvлд нь аймгийн тєвєєс цагдаа, цэргийн хvн моритой давхилдаж баригдсан хулгайчийг алдлаа гэж эрж явсан. Тэр алаг моритой хvн бол оргосон хулгайч Жалсан гэдэг байжээ. Хоёр цагдаа тэр Жалсанг гvйцээд очиход тэр хээр морио унаад нэг гартаа нялх хvvхэд тэврээд нєгєє гараараа нvvрээ таглаж нулимсаа арчин уйлж явсан гэдэг. Тэгээд “Би эхнэрээ vхvvлээд ганц єнчин хvvхэдтэй vлдэж ядарч яваа хvн” гэж нулимсаа гоожуулахад цагдаа нар хулгайчийг танилгуй цаашаа давхиад явчсан юм гэнэ билээ. Тэр хулгайч биеэ далдлах гэж манай хvvхдийг хулгайлан авчээ. Тэр хулгайч тэгээд манай хvvхдийг арай vгvй хийчээгvй хєдєє хаячаагvй, замдаа нэг айлд орхисон байгаа гэж санах юм. Унаж явсан морио алаад хаяж байгаа хvн чинь хvний нялх хvvхдийг хайрлах ч гэж байхгvй л дээ. Тэгсэн тэр хулгайчийн явсан замын айлуудаар явж сураглавал олдох магадгvй гэж бодох юм. Тэр vед манай хvvхдийн эцэг євчтэй байгаад сайн эрж чадаагvй юм. Тэгээд тэр маань талийгаач болоод бид сайн эрж чадаагvй гэж санаа алдаад бас хэлэв:
- Миний хvv Яндаг одоо том боллоо. Ажил албаны хvн боллоо. Яагаад ч гэсэн тєрсєн дvvгээ хэрэв амид байгаа бол олж авч чадах байх гэж найддаг даа. Би настай болсон боловч нэгдэлдээ хэдэн vнээ сааж ажилд нь нэмэр болох санаатай явдаг. Манай нэгдэл намайг сайн харж хандаж байдаг. Одоо би гэрээ айлын гадаа бариж орхиод ирсэн. Амины хэд гурван мал бий. За, одоо ярих юмгvй байна даа гээд нулимсаа арчив. Тэгэхэд бvгдээр:
- Должин гуайн эрvvл мэндийн тєлєє нэг хундага суллацгаав.
Тогоо жолооч Должин гуайг тайтгаруулж хэлэв:
- Уг нь алдсан хvн байтугай алдсан ишгийг ч олоод авдаг цаг шvv дээ. Сонинд зарлаж байгаад цагдан сэргийлэх шvvхэд мэдvvлж байгаад эрэхэд болох л юм. Баахан дэндvv удчихсан байна даа гэв.
- Ээ дээ, горидлоггvй болсон байхаа гэж нэг хvн хэлэв. Тэгээд тэр найр хурим vргэлжилэв... Дуу дуулж архи ууцгааж байв.
Ингээд наргиж байтал гаднаас нэг хvvхэд сандран гvйж орж ирээд:
- Санжил гуай морины шонгийн дэргэд ухаангvй хэвтэж байна гэв. Хvмvvс гvйж гараад Санжилыг єргєж гэрт оруулав. Санжилын нvд нь бvрэлзэж байхыг vзвэл ухаантай бололтой. Царай нь vнс шиг барайж нулимс цусаар бvрхэгдэж галзуурсан юм шиг болжээ. Тэгээд Санжил салагнаж амисгаадан багтарч ойчих шахаж байна. Санжил арайхийн ам нээж:
- Дотор муухай байна гэв.
- хортой архи уучихсан байх. Бєєлжвєл зvгээр юмсан гэж нэг эхнэр хэлэв. Санжил урт амисгаа аваад хvйтэн цай хэд балгаад зангирсан хоолойгоор хэлэв:
- За би Улаанбаатарт очиж биеэ эмнvvлэхгvй болхгvй боллоо. Маргааш Олвойтойгоо явна. Яндаг та хоёрын гэрлэх тухайг хотоос ирж байж шийдие гэхэд,
- Хурим хийж эхлээд болиж яаж болдог юм бэ! гэж нэг хvн Санжилын чихэнд шивнэв. Яндаг шийдвэртэйгээр,
- Аа, тэгвэл Олзвой бид хоёр таныг хот аваад явна, эмнvvлнэ гэхэд Санжил Яндагын царайг гєлийн ширтэв.
- Санжил гуай чи нь ухаангvй байна шvv дээ гэж нэг эхнэр хэлэв.
Санжил хундагатай архийг уучихаад,
- За охин мини, Олзвой мини! Намайг тvшээрэй гээд Олзвойгоо тvшээд гарав. Хоёул гэрийн гаднах мори уядаг шонг тvшиж зогсоод ярилцаж байх шиг болов. Гэнэт Олзвой дуу алдаж хашхирав. Гэрийн гадна тэр хоёрыг ажиглан зогсож байсан Яндаг гvйн очвол Олзвой хэдийн ухаан алдсан хэвтэж байна. Дэргэд нь Санжил хагас ухаантай салганаж байна. Олзвойг гэрт нь оруулаад орон дээр хэвтvvлэв. Санжилыг орон дээр хэвтvvлэх гэтэл тэр ноцолдож босов.
- Хортой архи уучихав уу? Эмч авчиря гээд цугларсан хvмvvс сандралдав. Нэг хvн эмч авчрах гэж явав. Зарим хvмvvс гэдэс цээжий нь єарилан илж байна.
- Хортой юм уучихсан бол халуун сvv хэрэгтэй гэхэд эхнэрvvд сvv яаралтай халаав. Аягатай сvvг Санжилд єгсєнд тэр сvvг уулгvй тvлхээд зvрхээ жаахан даран намжааж тvр амсхийгээд хэлэв:
- За нєхєд мини. Та нар цєм сайн санаатай сайхан нєхєд байна. Та нарын дунд нэг хvн дvрстэй араатан чоно байна. Тэр бол би шvv гэхэд бvгдээр гайхаж,
- Санжил гуай согтчихжээ, согтчихжээ. Yгvй хорджээ, ухаангvй байна гэцгээв.
Зарим нь гараас нь татаж ор тийш аваачих гэв. Тэгэхэд Санжил гараа суга татаж аваад:
- Би согтоо ч vгvй, хордоо ч vгvй. Би єєдгvй амитан шvv. Би анх гуйланч байгаад сvvлд хулгайч болсон юм. Залуудаа би их хулгай хийж, худал хэлж явсан. Тэр муухай хэргээ олон жил ард олноосоо нууж дарсан юм даа. Одоо ч нуугаад дараад байхад та нар миний хэргийг мэдэж олохгvй ч байхаа. Гэвч би хийсэн бузар булай хэргээ єнєєдєр сайн нєхєд та нартаа хэлие гэж шийдлээ. Би урид Дандар бичээчийн хурдан хээр мори тvрvvтэй хориод адууг хулгай хийж дамжуулан зараад тэр хэрэгтэй баригдаж аймгийн шоронд сууж байгаад оргож гарсан юм. Тэгээд баригдах шахахдаа унаж явсан алаг морио эцэж зогсохлоор алж хаяад хээр морийг шаваастай аргалын дэргэд уйлж байсан нялх хvvхдийг хулгайлж аваад зугтаасан ийм єєдгvй хар хулгайч даа гэхэд Должин гуай аягатай айргаа алдчихав. Санжил цааш нь яриж байна:
- Тэр миний хулгайлж авсан охин энэ Олзвой шvv дээ. Би хэргээ нууя гэхэд одоо тєрсєн ах дvv хоёрыг гэрлvvлэхэд даанч сэтгэл тэвдэхгvй байна. Энэ хоёрын амидралч аз жаргалгvй болно. Тэгэхлээр би хайрт охин Олзвойнхоо тєлєє єєрийнхєє бузар булай хэргийг илчилж байна. За, Яндаг минь чи энэ Олзвойтой сууж болохгvй. Та хоёр тєрсєн ах дvv хоёр байна шvv гэхэд олны царай барсхийж хєлдсєн юм шиг болоод нэг ч хvн vг хэлэхгvй байв. Ганцхан Яндаг:
- Энэ хар хулгайчийг одоо ална гэж хутга шvvрээд босох гэв. Тэгэхэд Тогоо жолооч:
- ЦХи байз! Учрыг сайн олё гээд Яндагийн гарыг бариж:
- Машины замд бартаа их байдаг шиг хvний амидралын замд бас бартаа их байдаг юм шvv гэв.
Должин гєлийн сууж байснаа гэнэт босон харайж ухаангvй хэвтэж байгаа Олзвойн толгойг тэврээд авав. Цугларсан хvмvvсйин зарим нь Санжилыг элдвээр харааж, зарим нь тvvнйиг ємгєєлж маргаан яриа дэгдэв. Санжил тэдний дууг намжааж vгээ vргэлжлvvлэв.
- Намайг vгvй хийнэ гэж Яндаг хэлж байна. Тэр тун зєв. Гэвч би та нарт яршиг болохгvй, єєрийгєє єєрєє vгvй хийнэ гээд нэг хундага архи уугаад:
- Энд эх охин хоёр уулзлаа. Ах, дvv хоёр уулзлаа. Та нар азтай улс байна. Жаргалтай сайхан явцгаагаарай. Миний тухайд бол миний хэрэг дууслаа. Над одоо vхэхээс єєр зам байхгvй. Алтан ордон дотор ялзарсан хамуутай нохой байлгахгvй шvv дээ. Тэрчлэн энэ жаргалтай сайхан амидралаас намайг хєєж зайлуул. Би та нарын энгэрт чинь єргєс, элгэнд чинь бэтэг болж явах хэрэггvй. Би єєрийгєє єєрєє тонилгоно гээд хутга шvvрч авахад хутгыг Тогоо булааж авав.
Санжил хутгагvй гvйгээд гарав. Хойноос нь хэдэн жолооч гvйж гарсан боловч Санжилыг бариж чадсангvй алдав. Санжил ганцаараа vхэх газраа эрж гvйв. Замд тємєр утасны багана дайралдав. Тэнд vхэхийн тєлєє баганыг хар хvчээр дайрч мєргєєд ухаан алдав. Гэвч Санжил ухаан ороод:
- Би амид явах эрхгvй гэж басхашхирч хутга шєвєг тэмтрэв. Тэгэхэд жолооч нар тvvнйиг элдвээр тайвшруулахыг оролдож байв.
Намын vvрйин нарийн бичгийн дарга Гэндэн тvvнйи сэтгэлийг засаж хэлэв:
- Санжид мини, чи амид явах эрхтэй. ЦХи урид хvн биш чоно байжээ. Гэвч тvvнээс хойш олон жил єнгєрчээ. Энэ завсар чи чоно биш, хvн болсон байна. Ёстой хvний эрхэм хvн, сайн санаатай тэргvvнйи ажилчин болжээ. Ийм учраас бид Санжилыг єршєєж vзэх хэрэгтэй. Энэ зєв vv? гэсэнд олон хvн:
- Зєв, зєв гэж хашхиралдав.
- Ээ дээ мэдэхгvй. ЦХоныг хонь болсныг би ер vзээгvй дээ гэж Яндаг жолооч хэлэв. Тэгэхэд Гэндэн vгээvргэлжлvvлж:
- Тэр ч тийм. Гэвч муу хvн сайн болж болохгvй гэж vv? Муу явдлаа хаяад олон жил шударга тєвшин яваа хvнийг бид муу хvн гэж vзэх ёстой гэж vv? Тэгэх ёсгvй. Хvний муу чанарыг арилгаж сайн чанарыг хєгжvvлэх бол бидний зорилго мєн гэхэд олон хvн:
- Тийм ээ, тийм гэж зєвшєєрєв.
- Бид Санжилыг Зєвлєлт Холбоот Улсад явуулах гэсэн шийдвэрээ єєрчлєхгvй. ЦХамайг явуулна гэж Гэндэн хэлэхэд Санжил толгой сэгсэрч:
- Би чинь ялт муу нохой шvv дээ. Шилдэг сайн хvнээ Зєвлєлт улсад явуулах хэрэгтэй. Би муу охин Олзвойгоо эцэг эхээс нь тєєрvvлсэн амитан шvv. Би энэ охиныг бєєцийлж тэжээх болоод энэ охины ачаар хулгайгаас хєндийрч, сайн нєхдийн ачаар хєдєлмєрийн замд орсон юм гээд дєнгєж сэргэж ирсэн Олзвойн толгойгvнсэв. Тэгэхлээр Олзвой:
- Хайрт аав мини! Та битгий санаагаа зов. Ачит аав минь гээд магнай дээр нь vнсэв. Санжил Олзвойн гарыг тэврээд уйлав. Тогоо жолооч хэлэв:
- Санжил гуайг бид уридын адил сайн нєхрєє гэж vзнэ. Санжил гуай хэрвээ нэрээ цэвэр авч гаря гээд дуугай єнгєрсєн бол энэ хэргийг хэн ч мэдэхгvй байсан. Санжил гуай сайн санааны vvднээс єєрийн єнгєрсєн муу хэргийг нуулгvй илчилж байна. Энэ бол хvний бас нэг сайн чанар юм гэв. Бас нэг жолооч хэлэв:
- Санжил хэрвээ нэрээ цэвэр авч гаря гэсэн бол хулгайчийн хаясан хvvхдийг олж авч єсгєсєн гэж ч хэлж болох байсан. Тэгээгvй vнэнээ шууд шударга ярисныг бас сайшаах хэрэгтэй гэхэд Санжил:
- Муу муухай явдлаа сайхан vгээр хучиж нууж явах гэдэг мєн ч хэцvv байдаг юм, дvv нар мини. Би тэгж явж цаашдаа чадахгvй болсон юм. Yvнйиг та нар ойлгооч! гэв.
Гэндэн хундага бариж хэлэв:
- За нєхєд мини! Найраа vргэлжлvvлйе. Энэ хуримаа найр болгоё. Ямар найр вэ гэхэд нєхєр Санжилын сайн хvн болсныг тэмдэглэх найр болгоё, нэгд бол. Хоёрт бол, эх охин хоёрын уулзсаны баяр болгоё. Гуравт бол ах дvv хоёрын уулзсаны баярын найр болгоё. Энэ их баярын тєлєє ууцгаая гэхэд бvгд ууцгааж.
- Хачин хурим маань сайхан найр боллоо шvv гэж шуугилдав.
Эмгэн Должин охин Олзвойг єрєєсєн гараар тэврээд нєгєє гараар Санжилын гарыг бариж:
- Миний охиныг сайн сайхан єсгєж хvмvvжvvлсэнд чинь баярлаж байна гэв.
Олны сэтгэлийн долгион намдаж хvн бvр суудлаа эзлэн найраа vргэлжлvvлэв.
Share
Малын хөлийн тоос
Найман сар дундаа орж, ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон юм шиг уужимхан цэлийж, салхи сэрүүхэн үлээх болжээ.
Байгаль ертөнцийн хишиг бүрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө.
Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай, умар уулсын бэл
униартах ногоон дэнжтэй, Хангай говийг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бүсгүй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээ хоёр цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавилаа.
Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг нь сайртай бор хөлөө, нөгөө нь цээжин биеэ ил гарган унтаж байгаа балчир хоёр хүүдээ хувь тавьж байгаа нь энэ. Гэрийн эзэгтэй саалийн хувин авч гадагшаа гарахад өглөөний сааль хүлээсэн үнээ тугал мөөрөлдөн угтлаа.
Зүүн нуурын галуу нугас нарнаар наргин ганганалдаж, хөмүүл таанын тааламжит үнэрээр агаар салхи анхилж, хүн бүл сайтай саахалт айлын их бага гэр, тэрэг тэмээ, хонь мал, хүлээн авагчийнх нь хүнгэнэх дуу энэ бүхэн өөрийнх нь дорой буурайг сануулах мэт болно.
Бүсгүйн сэтгэл ийнхүү догдолсон нь сүүлийн хэдэн өдөр нэгэн учралыг хүлээснийх билээ. Найртай тансаг найман сарын эхээр баруунтайгаас хүрэлцэн ирэх тууварчдын магнайд учралт хүн нь буух ёстой байлаа.
Тэгээд ч өнгөрсөн хэдэн өдөр Борогчингийн хөндийн урд уулын ар, хойт уулын энгэрийг туж харуулдсаар байсан. Энэ удаа ч гэсэн гэрээс гарангуут мөрөөдөлт зүгийн энгэр дэнжийг ажиглатал хэдэн суурь хонь үхэр цайран багширч, тууварчдын гэр майхан ундуй сундуй үзэгдлээ. Энэ бүхнийг харангуут танхил царайт бүсгүйн хацар дээрх тарлан сэвх хүртэл туяаран шингэрч, уйтгарлаг, бодлогоширонгуй нүд нь энэ өглөөний тэнгэр мэт мишилзэн цэлмэлээ.
Тэгээд гүйхээрээ явж хэдэн үнээгээ хагас дутуу саагаад хүүхдүүдийнхээ нүүр гарыг угааж, цэвэр хувцас өмсгөөд, гэр бараагаа янзалж, идээ будаагаа зэхээд, гарах орох тоолондоо тууварчдын буусан зүг ширтэн харан байтал үдийн алдад тэндээс наашилж яваа хөтөлгөө морьтой хүн үзэгдлээ.
Бүсгүй хоёр хүүгээ гадуур тогло гэж гаргаад гэрийнхээ хаяаг сөхөж, ханын нүдээр зам ширтэж суулаа. Удсан ч үгүй ижилхэн хул морьтой, хурц ногоон өнгийн дээлээ сугалдаргалж, цагаан цамцны ханцуйг шамласан хүн гарч ирэхийг нь харвал Балбар мөн болохыг даруй таньж нэг мэдэхнээ нь л угтаж гарсан байлаа.
Балбар уяан дээр тайвуухан бууж хоёр загалаа уяад, хойш урагшаа холыг харж, хоолой засаад, ногоон саарьтай ээтэн гутлаараа нунтаг хөх шороон дээр хол хол мөр гаргасаар хүрч ирээд, - За Чанцаал, сайн сууж байна уу? гэж намрын шим шүлт хурсан хүдэр хүрэн царайндаа түвшин инээмсэглэл тодруулж, дөшин цагаан шүдээ яралзуулан урт аяны нарыг шингээж, салхийг сөрсөн хүрэн ягаан цээжээ ханхалзуулан зогслоо.
Чанцал сэтгэлийг булаасан сайхан эрийн жавхлангийн өмнө бишүүрхэх баясах хослон байгч бүсгүйн зангаар гирэвшингүй харж, "- Сайн, сайн явж байна уу? Тууврын мал үзэгдэхээр нь чамайг ирсэн байх гэж бодсон юм" гэлээ.
Хүлээсэн хүн нь хүрэлцэн ирсэн учралт өдрийн баяраар бие сэтгэл хөнгөрч, хурдан шалмаг хоол унд хийж зочлонгуут авдраасаа галуун хүзүүт гаргаж, шимийн архи аягалахад, Балбар хамрынхаа самсааг сарталзуулан хоёр завьжаараа савируулан залгилаад, гарынхаа алгаар амаа арчиж тамшаалан, - Үгүй яах вэ? Энэ жил ажил явдал урагштай хө. Өвгөн чинь аймгийн тууварчдын зөвлөлгөөнд оролцох яггүй үүрэг аваад байгаа. За тэгээд сайшаалгана гэдэг ч дээ санааных биш, зүтгэлийнх юм шив дээ. Энэ жил хэдэн муу өеөдмөр маань овоо таргалж явна. Хотынхны ходоодыг өөхөөр таглаад муу хар түрийвчээ хөдөлмөрийнхөө хөлсөөр мялаалгаад буцдаг хэрэг ээ хө. За даа тэгээд зам өлзийтэй, ажил урагштай байдаг ч тэгээд аавын хүүгийн аз шоо мөн биз дээ. Таван жил мал туухад үнэндээ гажуу буруу явсангүй. Тэгээд ч угтаж золгоод, үдэж мордуулдаг чам шиг хүнтэй байхаар дотор уужим явах юм байна шүү дээ хө" гэж шилбэлзэн суулаа.
Хэдхэн тагш архи уусанд нүүр нь хөлс дааварлан, нүд нь маналзаад ирлээ. Чанцалын өсөх насны өмсгөл болох хөх дурдан тэрлэг өндөр гоолиг биеийнх нь аясыг тодруулан , хилэн хар үснээс нь танил үнэр анхилах мэт санагдаж, урсгал хар нүднийх нь харц эр хүний элдэв авирыг хүлцэн өнгөрүүлэх шинжтэйг шунамхайран харж суусан Балбар, - Үгүй Чанцаал! Өвгөн чинь малын хөлийн тоосонд ганцаараа явсаар насыг ямар баралтай биш дээ. Гээд ханьгүй хүнд харанхуй хорвоог гэгээтэй нартай болгох хүн тэр болгон яаж дайралдах аж даа. Тийм үү дээ, Чанцаал? гэхэд нь Чанцал баахан тулгамдаж "-Тийм ээ, үгүй тэгээд тэр хүн чинь ... гэтэл - тэр хүн чинь чи шүү дээ гээд Балбар агдганан инээсээр босож ирээд Чанцалын гараас шүүрэн авч тэврэхийг завдсанд, "-Яах нь вэ, хүүхдүүд ирлээ" гээд булт үсрэн зайллаа.
Балбар тэсч ядан инээсээр ор луу нь очиж толгойгоо салаавчлан хэвтэхэд ханхар цээж нь оволзон байна. Хоёр хүү ээжийнх нь орон дээр сунайтал хэвтэж байгаа танихгүй ахаас эмээн хатавчны дэргэд бие биедээ наалдан зогслоо.
Балбар өндийж ар суганаасаа савхин түриийвчээ тэмтрэн аваад хоёр улаан аравт гаргаж, - Үгүй Чанцаал, саахалт чинь агент хэвээрээ биз дээ? Миний хоёр хүү нааш ир, май энүүгээр чихэр авч ид! гэхэд амтат энэ үгэнд урхилагдсан хоёр хүү шүлсээ залгиж алгаа тоссоор хүрч ирээд тус тусын хувийг авангуут уралдан гарч одлоо.
Балбар дахин нэг галуун хүзүүт шавхаад Чанцалыг оройн саалиндаа гарсан хойгуур нь хувцас хунараа тайчиж ор дэвсгэрийг нь тавтайяа эзэгнэжээ.
Маргааш өглөө нь Чанцалын хийж өгсөн бантанг идэж бас нэг галуун хүзүүт тонилгоод мордохдоо: - За Чанцаал, маргааш манайд Дашинчилэнгийн нэг хэдэн юм ирнэ. Үгүй яахав, газар газрынхантай гар барьж, ганзага нийлэх юу нь муу байх вэ. Тэгээд ч чи бид хоёрын холбоотойг мэддэг л юм байна билээ. Ганц хүн айл болохгүй, ганц цучил гал болохгүй, аан хэ хэ. Өө чи заавал очно шүү гэлээ.
Маргааш өглөө нь Чанцал өглөөний саалийг сааж сүүгээ тушаагаад хоёр хүүгээ ундаалж гэрээсээ бүү холдоорой гэж сайтар захиад хэдэн зуны наранд онгосон торгон дээлээ өмсөж, нэгдлийн адуунаас ноогдсон хөгшин хүрнээ эмээллэн мордлоо.
Тэгээд тууварчдын буусан зүг сажлуулжээ явахдаа шимийн архины исгэлэн үнэрээр амьсгаалсан гүжирмэг эрийн хажууд өнгөрүүлсэн энэ шөнийн явдлыг санаж, хэлсэн амласан нь үнэн болж, хүлээж мөрөөдсөн амьдрал нь маань биелбэл хаа ч явсан болно. Хоёр муу хүүгээ л хүний зэрэгтэй өсгөж, сургуульд оруулж бусдын цагаан гэр, хүлээн авагч, шинэ хувцас тэр бүхэнд атаархахааргүй, төрсөн эс боловч эцэг гэх хүнтэй, уруу дорой царайлахааргүй хийморьтой явахаар болговол хамаг хэрэг бүтэх нь тэр ээ. Намайг бодох юм бол ухаантай, чадалтай эр хүн уужим сэтгэл гаргаж, хөөрхий хоёр үрий минь зөв сайнаар хүмүүжүүлэх нь лав. Балбар хүүхдэд их элэгтэй хүн юм. Бага балчирхан амьтад юундаа дасаж ядах вэ дээ. Энэ насандаа хүний сайныг олж ханилах хувь тавилантай явсан минь сая гүйцэлдэх нь энэ биш үү" гэх зэргээр олныг бодож явлаа.
Тууврын хонь мал, суурь сууриараа багшран бэлчээрлэж, уулын энгэр дэнж дээрх тууварчдын гэр майхан энд тэнд үзэгдэнэ. Тууварчдын зүүн жигүүрт байгаа хундан цагаан гэр бол Балбарынх мөн. Дэргэд нь бараан өнгийн хоёр майхан, бодвол нөгөө Дашинчилэнгийнхний бололтой эмээлтэй морьд байна. Чанцал гэрээс зайдуухан бууж морио тушаад баахан зүрхшсээр гэрт оров.
Чанцалын орж очиход Балбар хэдүүл дөрвөн ханатын хоймрыг бүрхсэн хивс дээр ясан даалуу тачигнуулж суулаа. Балбар Чанцалын өөдөөс наалинхай нүдээр мишилзэн,
- Ээ ашгүй чи хүрээд ирэв үү. Би эднүүст нутгийн чинь хүүхнээр хонины гэдэс арчуулна гэж суулаа шүү дээ. За даа тэгээд малын тоосонд дарагдаж яваа мань мэтэд иймэрхүү өдөр ямар олон тохиолдох юм биш дээ. Алив Сугар гуай хонио төхөөрөх үү дээ гэхэд Балбартай хамт яваа тууварчин бололтой аяншиж гундсан ядрангуй царайтай нэг өвгөн гадагш гарч мөчийн дотор амжууллаа. Чанцал хонины гэдэс янзалж хажуугийн майханд тогоо дүүрэн мах чанаж авчирсанд мань хэд ханцуй шамлан уулзлаа.
- Эрүү Дамба гэж нутгийн хижээл эр хаяанаас нэг лонх хар архи авч ханцуйгаараа жийрэглэн нэг цохисонд бөглөө нь бүлт үсрэн эхний хундага Балбарт зориулагдлаа. Цохиулах ээлжээ хүлээж байгаа лонхнууд гэрийн хаяанд жирийтлээ хэвтэх ажээ.
Удсан ч үгүй хар архинд хатгуулсан даалуучингуудын үг олширч өгөө авааны тухай маргалдаж эхлэхэд Чанцал сэм гарч өвгөний майханд орлоо. Өвгөн ч бас архинаас хувь хүртсэн болохоор онгод нь бяцхан орж утаа тортог болсон нөхөөст хар майхныхаа голд давшлан,
- За хүүхээ чи наашаа суу. Би чамд санаснаа хэлье. За ер нь бэлтэй чадалтай цагаан гэртэй, чадалгүй дорой нь хар майхантай явдаг чинь ёс шүү дээ. Энүүнд бол гомдох юм алга. Аа харин малын хөлийн тоосонд дарагдлаа л гэнэ. Чухам хэн нь дарагдаж яваа бол доо. Би бол яахав улаан цурав үр хүүхдээ тэжээх л гэж хэдэн жил мал туулаа. Хаа ч гэсэн хөдөлмөр хийхгүйгээр ямар амьдрах юм биш, сурсан дадсанаа хийж аминдаа ч гэсэн, улсдаа ч гэсэн зүтгэж явахаас өөр яах вэ. Ай даа мал тууна гэдэг чинь амар ч ажил биш дээ. Хавар эрт ээ гараад л өвлийн эхээр гэрийн бараа харна шүү дээ. Ард үлдсэн хэдийнхээ төлөө санаа зовно. Өлсөх даарах өдөр ч тохиолдоно. Гэлээ ч гэсэн яахав амьдрахын төлөө ариун цагаан хөдөлмөр хийж яваагаас хойш юундаа тэгтлээ гажрах вэ.
- Гэхдээ үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг дээ. Би Балбарт би жаахан гомдох болсон доо. Танил талтай, эр чадалтайдаа эрдэж, хуурамч хуудуу явдалтай болж байгаа хүн. Уг нь хүн сайн явах тусмаа үнэнч болох ёстой сон. Гэтэл хуурмагаар олсон алдар нэр гэдэг чинь алт мөнгө шунал төрүүлдэг нь ёс оо доо. Үгүй хүүхээ Балбарыг чи яадаг болсон гэж санана. Өөрийнх нь ажил бүтэж байвал бусдынх яаж ч байсан хамаагүй. Ноднин адилхан л мал тууж гарсан. Намар хамгийн түрүүнд тушаалаа. Тэгсэн чинь хамгийн туранхай мал тууж гараад хамгийн их таргалуулсан хүн Балбар боллоо.
- Өвгөн ах чинь атаа жөтөө санаж, тэгж амьтны мууг үзэж яваагүй. Тэгэхнээ хээл хахууль авч улсын санг ч хохироодог, мань мэтийг ч хохироодог явдал байна. Балбар яахав дээ идэшний ганц хоёр юм илүүчилж аваачаад л тэндэхийн дарга даамалтай сүлбэлдэн дархан эрх эдэлж худал хуурмаг баримт, шагнал мөнгө аваад тэргүүний сайн хүн болж мандаж явдаг нь тэр байхгүй юу. Үгүй одоо сүүлдээ бүр улсын малыг хүртэл хольж хаяагаа хадардаг болж явна. Юу гэсэн үг байх вэ дээ. Ноднин зах дээр тав зургаан шар зарсан. Энэ жил бүр арав хорь хүргэх бололтой. Ээ яахав төрийн төлөө оготно гэж бодох юм бол ч эс мэдэгчин болоод явмаар л байна. Үгүй чи нэг жаахан бодолтой байх юм биш үү гэхээр чамд падгүй гэж уурлах юм. Уг нь би бол төрсөн эцгээс нь өөрцгүй хүн шүү дээ. За, үгүй хүүхээ чи чинь Балбарын танил юм биз дээ. Өнгөрсөн намар цаадах чинь хотоос нэг хүүхэн аваачсан. Их л эрх танхи л амьтан байдаг юм байна билээ гэж ярихад өвгөний энэ яриаг дуугүй чагнаж суусан Чанцал босон харайж: -"-Юу гэнэ ээ, Балбар чинь тэгээд эхнэртэй юм уу? гэж гайхаш тасран асуугаад өвгөнийг хариу хэлэхээс өмнө гүйн гарлаа.
Даалуучингуудын нэг нь "Гозгор долоо гоохолзож, говийн хүүхэн шоохолзоно оо хө." гэж өндөр дуугаар дуудахад Балбар "Хун галуу нагал навчит, хурын үүл хурмастын хишиг, ясны хайртай Янжин, янагийн хайртай Чанцал, Татлаа, татуулах уу" гэж адтай хашгирлаа. Тэгтэл нөгөө нэг нь "Хэ хэ, хэ Нутагт байдаг Янжин, замд байдаг Чанцал гээч" гэж согтуурахад нөгөөдүүл нь бүдүүн нарийн дуугаар хөхрөлдлөө. Чанцал бөөн хар юманд бөглөрөн давчидсан цээжээ дарж, шүүрс алдаад гэрээс холдон явлаа. Нар шингэж, цагаан гэгээ туссан үе байлаа.
Share
Мэнд эгч
Гониогийн манай хоёр олон жил хаяа хатган айлсч, хүн малгүй ижил дасал болсон байлаа. Ганц удаа салж нүүсэн чинь нохой маань хүртэл хоёр гэрийн хооронд гүйгээд сүүдэрт хэвтэхээ больсон тул дахин эргэж айлсав.
Өгүүлэх нь:
Гонио гэдэг маань дуу цөөтэй, үргэлж ямар нэгийг хайж, түүнийгээ олохгүй байгаа юм шиг өлөн атлаа цөхрөнгүй нүдтэй өвгөн. Орос дарь шиг цоохор нүүр нь чийгтэнэ гэж үгүй. Хөгшнийг нь Цэзэнбадам гэх. Цаг ямагт будаатай цай ууж, хөлс нь гоожоод ундрам хөөрөг шиг гялтганаж суудаг бүдүүн хүрэн авгай. Гэрт, гадаах бүхий л ажлаа Цэзэнбадам гуай амжуулах бөгөөд Гонио хүн хүнээс эрт босовч ёсоор хувцаслаж малгайгаа хүртэл өмсчихөөд л орныхоо хөлд чавганц суудлаар сууж тамхи нэрээд өдрийг өнгөрөөнө. Өдөржин гадаа уяатай байдаг номхон ухаа морь дөрвөн хөлийг нь хүүхэд сүлжин тоглоход ялаархахаа хүртэл больчихоод сүүлээ шарваж байдаг буянтай амьтансан. Мэнд эгчийг байхад уяанд нь морь тасардаггүй, жашин хаалганы нь суран түгжээ тэсдэггүй байснаа түүнийг Баянтүмэн рүү цэргийн дарга дагаж явснаас хойш тэдний хаалгыг нь шөнө байтугай өдөр татах хүн бараг үгүй болжээ. Гэртээ хүн орохгүй болохоор Гонио бас өшөөнд нь айлд орохгүй гэж тангараг тавьсан юм шиг хаашаа ч үл хөдөлнө.
Нэг өдөр нууран дээрээс ирвэл Гониогийн гадаа ?штонх? хэмээн хурдан ногоон тэрэг хурц наранд улайдаж, хигээс төмөр нь гялтганан зогсоно. ??Мэнд ирсэн? гэж ээжийн хэлсэн үг цагаан сар болсон шиг санагдахуй санд мэнд Гониогийнд гүйж орвол нээрээ л чихрийн цаас, хөх пүүшигний иш хоёр тоймгүй. Нэг их хол газрын үнэр, нар шингэх үеийн зээргэнэт хөндийн салхи сэнгэнэнэ. Мэнд эгч зүүн орон дээр гараа хумин цомцойн суух бөгөөд нэгдүгээр ноолуур шиг сэмбэгэр цагаан малгай тавьж сумыг нь хүртэл гурав эмжсэн үзмэн ягаан пүүсүү дээлтэй нь манай энд ганган гэгддэг сургуулийн багш Үрлээгээс хэд дахин гоё. Хоёр хөлөө ээлжлэн ачиж суухад ултай торгон савхи нь мөсөн чихэр идэж байгаа юм шиг чихран дуугарна. Царай нь ихэд зөөлрөн баруун хацар дээр нь шинэ мэнгэ ургажээ.
Гониогийнх зүүн талынхаа орыг банз нэмэн өргөсгөж, тэдний л авчирсан бололтой эрээн бүтээлгээр бүтээсэн нь хацраа наагаад баймаар зөөлөн сэвсгэр, ер Гониогийн зүүн тал гантай жилийн баян бүрд шиг элбэг дэлбэг өнгө хуар хосолжээ.
Мэндийн нөхөр галпийтай өмд, хромон гуталтай, тэвхгэр бор хүн гэрийн баруун талд гарч зогсоод цэрэг цамцныхаа энгэрийг задгайлан сэвж салхи урин исгэрнэ. Мэнд ухасхийн босоод баруун зүүн гараар ээлжлэн унь тоолсоор гарч нөхрийнхөө дэргэд ирээд гэдсээ татан цээжээ түрж суниав. Мэнд эгч намайг ирсэн өдрөө таньсангүй.
Тэр орой хонио нартай хотлуулж, хоёр гэрээр хонь гарган айл саахалтын хүмүүс бууж, эсгий хийхийн дайтай наадам болов. Гонио согтчихоод нөгөө дуугүй хүн хаа байх вэ, Пунцаг баяны хурдан хээрийг дахиад наадамд түрүүлж чадахгүй гэж хүртэл зориглон хэллээ. Үүнийг сонссон хүмүүс ичсэн могойд өвөл хатгуулсан юм шиг жигтэй хачин болцгоож уурлах, инээхийн аяыг олохгүй сандарцгаав.
Маргааш өглөө нь Мэнд нөхөртэйгээ эрт босч хамаг торхтой усаар нүүр цээжээ угаасан тул Цэзэнбадам гуай манайхаас цайны ус авлаа. Буцахад бензин тос хүрэхгүй болуужин гэхдээ хурдан ногоон тэргээ бараг унахгүй, гэрийн гадаа сүүдэр дагуулан тавих бөгөөд цай уумагц л нуурын зүг шүхэр барьж явгаар одно. Маашинтай даавуун шүхэр сархийтэл дэлгэгдэхэд нуурын шувууд үргэн нисэлдэж номхон ухаагийн нүд хүртэл хоромхон сэргэдэг байлаа. Халуун болоод ч тэр үү, аль эсвэл хурц наранд гандаж зэврэхээс хамгаалсан ч юм уу, нөхөр нь алтан ногоон одон тэмдэгтэй дарга цамцаа өмсөх нь ховор. Үргэлж л ханын толгойд өлгөөтэй байх цамцыг би тэднийг нуур луу явсан хойно л одон тэмдгийг нь дураараа үзэж арынх нь дугуй эргэдэг юмыг эргэдэн суллаж үзээд буцаан чангалдаг байлаа. Би дайчин ялалт, цэрэг хүний хатуу амьдралыг жаахан зүрхэндээ багтааж ядан мөрөөсч гэрийн сүүдэрт бензин ханхлуулан зогсох хурдан ногоон ?штонх?-ыг харахаараа нойрмог нүдтэй номхон ухаа моринд шал дургүй хүрнэ.
Мэнд нууран дээрээс ирэхдээ хонинд яваад ирсэн мэт их л ялархуу байдалтай байх бөгөөд мах өшиглөж нурман дээр тавьсан цайнаас уугаад орон дээрээ цомцойн сууж, саахалтын айлаас надаар авчруулсан мандолиндаа ямар нэгэн хөөрхөн ая оруулж ядна. Тэр орж ядан байгаа аяыг нь чагнаад байхаар ?штонх? тэргэн дээр харайлгах гэж байн байн ирээд ямагт шилбүүрдүүлэн хөөгддөг эрх хөх ишиг санаанд орно. Нөхөр нь хромон гутлаараа хана дөрөөлөн эхнэрийнхээ цаагуур хэвтээд ном уншина. Мэндтэй багадаа хонь хурганы бэлчээр, худгийн довцог дээр тоглож явсан харцуул хааяа давхин ирэвч хүүхний тоомжиргүй харц, ханын толгойд өлгөөстэй ширэн савтай гар буу хоёроос дөлсхийн мордоно.
Ирсэн хүнийг явмагц Мэнд:
-Саяын нэг хөгшин хар юм намайг ширтээд байхад чи тэнэглээд л ном шагайгаад хэвтэх юм. Би наад номноос чинь долоон дор байна уу? Чи ер нь надад хайргүй байх аа гэж тунирхан эрхэлнэ. Тэгэхэд нөхөр нь,
-Ширтээд байгаа хүнийг чинь би яах юм бэ? Ямар нүдийг нь боолтой биш гэнэ. Мэнд,
-Энэ муу оронд нь ядаж хөшиг ч байхгүй юм... гэж арга ядсан байдалтай хэлээд толио авч нүүрээ харна.
Манай Арслан нэрт малгайн чинээ сэгсгэр хавыг танимхайран давхиж очиход Мэнд эгч ихэд айн орилж чарлах бөгөөд орж гарахдаа надаар хориулан шанд нь чихэр өгөх нь зугаатай. Өдөр хэрд тэр хоёр нуур руу мориор явах болж, Гонио гуай номхон ухаагаа эмээллэв. Мэнд багын унаа, номхон мориноосоо гэрэвшсэн юм шиг нөхрийнхөө араар орж алчуурынхаа сэжүүрээр амаа таглаж, тээнэгэлзэнгүй алхан очиход цэргийн дарга сэвхийтэл өргөөд эмээл дээр тавьчихав. Мэнд гэнэт их айсан мэт сормуусаа сэрвэлзүүлэн,
-Хүүеэ, энэ чинь эмгэн догшин морь байна, бууя аа, намайг аваач ээ гэж уйлагнахад нөхөр нь ?Яаж байна гэж гайхав. Мэнд,
-Харахгүй юу? Чих нь хөдөлж байна гээд үг сүггүй ухасхийн нөхрөө хүзүүдэж, дөрөөгүй буулаа.
Нэг өглөө аав минь нууранд ингэ оруулж яваад ирэхдээ их л ууртай бололтой, байн байн тамхи татаж байснаа гаансаа тогшин түрийлээд,
-За, та нар нүүхэд бэлдэж байгаарай, би урд говь руу тэмээнд явлаа гээд босч ирлээ. Ээж,
-Юу? гэж лавлав.
-Нүүнэ гэж байна аа гэж аавыг зандрахад,
-Танд юу шүглэв ээ? Үүнээс илүү нуур ногоогоор яахав гэж гонгинов. Аав,
-Нуур ногоо ч яах вэ? Амны усгүй болчихоод байна... Мэндээгийн дагуулж ирсэн тэр нэг хар юм чинь нууранд орчихсон чармай нүцгэн зогсож байна. одоо мэдэв үү?!... гээд гарч одлоо. Би ээжийн дуранг нууж аваад хойд овоон дээр гарч харвал нээрээ л нуурын дунд ганц хонгор адуу шиг юм үзэгдэж, Мэнд эгч шүхрээ барьж, хормойгоо шуун нуурын захад лаг шаварт шигдсэн хөлөө дээр дээр өргөж явах нь цэн тогоруу шиг байлаа.
... Ийнхүү Гониогийнх манайх хоёр нэг удаа салж үзсэн боловч арваад хоногийн дараа тэднийх манай араас нүүн ирж айлсав. Гонио, Цэзэнбадам гуай хоёр их л гэм хийсэн юм шиг харц буруулж дорой дугарах нь өрөвдмөөр...
Гэрийг нь эвсэн дэвсэн барьж тохижуулбал нөгөө чихрийн цаас, тамхины иш, хацраа наагаад баймаар зөөлөн бүтээлэг, одон тэмдэгтэй дарга цамц, хурдан ногоон ?штонх? тэрэг цөм үгүй. Гагцхүү гэрт нэмэгдсэн зүйл гэвэл хоймрын улаан авдран дээр байдаг утаанд дарагдсан жижиг гүнгэрвааны шилний цаана Бумцэнд гуай, маршал хоёрын зурагны дунд Мэндийн нөхөртэйгээ авахуулсан патиар шив шинэхнээрээ дурайж харагдана.
Би тэр зургийг удтал ширтэн суусаар бараг л дээлний нь нугалааны тоог мэдэхээр болсон билээ. Нөхрийнхөө дэслэгч погооныг хайрлан илж байгаа мэтээр мөрөн дээр нь гараа хөнгөхнөөр тавьж ард нь эрх энхрий нүдээрээ ялдамхнаар инээслэглэн зогссон Мэнд ?урт хормойтой хошмог эмжээртэй ханцуйгүй дээл өмссөн нь шалнаа дэвссэн алшаа хивснээс ургасан юм шиг...? одоо ч миний нүднээ харагдсаар байдаг юм.
Жамухын өчил
Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж, их нутгийн ноён салхинаа гудайсан хялганын толгой гашуудалтайяа бөхөлзөнө. (xөгжим)
Тэр газрын цээжийг аниртан чагнаваас, монгол эрсийн нөхөрлөл гунигт хагацлын тухай эмгэнэлт түүхийг үгүүлнэ.
Олон аймгийн цуст тэмцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүжиний ялалтаар төгсөж байсан тэр жил . Хаан Жамух нөхдөдөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэж ирлээ. Богд эзэндээ халдсан боол иргэдийг нь Чингис хаан өвс ногоог хүрэнттэл цаазалж, Жамухыг суллаад үгүүлрүүн, "Эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан анд минь, эгнэгт нөхөрлөлөө бататгаж эгүүрд хамт түшилцэн шүтэлцэж явтугай чи" хэмээн өршөөл үзүүллээ.
Гэвч нас сүүдэр ид дундаа, төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух хариу өчсөн нь: "Өндөр их хаан суудалдаа чи заларч өрлөг есөн жанжины чинь тоо бүрэн байхад би илүүдэх биз ээ анд минь, чамд зай тавьж өгье. Үндэс мөчир бөхтэй Хорхоногийн сагалгар мод шиг цэцэглэн ганхаж явсан юмсан, үйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөнийг бүү мэд. Атгаг санаат эмийн үгэнд орж андгай тангарагаасаа няцсан цагаас хойш тавилан заяаны хувь төөрөгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хүрч ирлээ. Анд минь чи болгоогтун. Тэнгэрт хос наран мандвал газарт ган болж, гал шатна, Монголд хоёр хаан байвал дажин самуун тасрахгүй. Олон дайнд оройлон чадал хүчиндээ эрдэж явснаа санахад, чиний илдийн дор явж би хэзээ ч чадахгүй. Нэгэнт дийлдэшгүй хүчийг олсон анд чи миний зарлигийн дор явахыг бас тэвчихгүй.
Чи бол тэнгэрийн бөө, шадар баатруудадаа тэтгэдсэн Чингис хаан, би чамтай зэрэгцэж өргөгдсөн Хамаг Монголыг захирах Гүр хаан Жамух.
Гурван түмэн цэргийнхээ ялалтын уухайгаар Далан балжуудад чамайг шахан сандаргаж явсан домогт тэр Жамух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлонгоос халихаар шийдлээ. Чамд өнө үүрд итгэгдэх ийм замыг сонголоо.
Дээр тэнгэрт нар нэгэн байг,
Дэлүүн болдогийг гийгүүлэх сар бас нэгэн байг,
Дэлхий газарт маань хаан бас нэгэн байг.
Өсөх насандаа Ононы мөсөн дээр шагалцан наадаж, өдгөө идэр цагтаа бүх Монголын хувь заяанд холбогдсон чи бид хоёр нэг нарны дор багтахгүй. Учир иймд хоёр их хаан, хоёр их баатар, хоёр монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё анд минь. Хаан Жамухын суу алдарыг даяар монгол мэднэ ээ. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдарыг өндөрт өргөөд өөрөө би амиа тэвчие. Олны санаа бүү хоёрдог , өлмий өвдөг дор чинь өөрийгөө би ивэж өгье хаан анд минь чиний нэр улам агуу болог.
Гүр хаан Жамух өөрөө чамд сөгдлөө гэдгийг дуулаад хамаг монгол дөрвөн зүг найман зовхист хаан анд чиний алдар урьд хожид үзэгдээгүйгээр дуурсах болно. Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөгчиж, нөгөө нь хагацая. Есөн хөлт цагаан туг, дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сөгдөн гуйя хаан анд минь. Чи намайг өршөө. Өршөөхдөө цаазалж өршөө. Би чамтай нөхөрлөе, нөхөрлөхдөө үхэж нөхөрлье.
Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлгэдэж хаан биеэрээ туг сүлдийг чинь тахия. Эзэнт улсын төлөө миний өргөх өчүүхэн энэ хувь багадах учиргүйг дээр тэнгэр мэднэ.
Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй болжээ. Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч тэсэн тэвчиж чадахгүй. Харь дайсан хатгалдахыг санаархвал монгол цэргийн тахир сэлмээр дэлхий дайдыг нумлан хэмжихтүн. Дорно зүгт нар хаанаас манддагыг очиж үзэгтүн, Өрнө зүгт нар хаана шингэдгийг хүрч мэдэгтүн.
Бас их төр, эзэнт гүрний хэргийг эмсийнхээ үгтэй хутган зөвшигч надаар төгсгөл болог. Энэ мөчөөс хойш хаан Жамухын алдар урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл цааз үл тойрохын хууль болог."
Өчих өчил минь гүйцлээ хаан анд минь
Өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч
Өүлэн эхийн сүү цусгүй байсныг санаж,
Цус гаргалгүйгээр намайг алуулахтун.
Үтэр түргэн тонилгогтун,
Түүхийн хүрд саад тотгоргүй орчиг" гэлээ.
Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнээ өргөж, шадар хүмүүсээ дуудан зарлиг болголоо.
"Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр соёрхтугай.
Баатар Жамухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүлж, цус гаргалгүйгээр үхүүлэгтүн.
Анддаа бэлэглэсэн алтан бүсийг минь бүслүүлж,
Армаг сайхан хүлгээр хаан Жамухыг тахиж,
Агсах зэвсэг, хуяг дуулгыг нь асаан
Хүлэг баатарын ёсоор оршуулагтун.
Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдогийг
Эр хүн эвдэрэхэд хан тэнгэр хагарч цуурч ч болдогийг түмэн үед санатугай."
Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурал суусан армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтаганалаа.
Хаадын зарлиг ёсоор болж мөнх тэнгэрийн таалалд нийцэв.
Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүчилж, нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.
Отгонтэнгэр уул минь
Отгонтэнгэр уул
Отгонтэнгэр уул
Шийдвэрийн дугаар: 1995 оны 110 тоот зарлиг
Ерөнхийлөгчийн нэр: П.Очирбат
Тахилга үйлдсэн он: 1995, 1999, 2003, 2007 он
1992 онд Отгон, Алдархаан сумын 95510 гa тaлбaйг Улсын бaгa хурлын 11 дүгээр тогтоолоор улсын тусгaй хaмгaaлaлтaнд aвч, 1995 оны УИХ-ын 26 дугаар тогтоолоор Дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан.
Отгонтэнгэрийн ДЦГ нь Зaвхaн aймгийн төвөөс зүүн тийш 45 км-т нийт 95510 гa тaлбaйг эзлэн оршино. Улaaнбaaтaр хотоос 1000 км aлслaгдсaн. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул нь далайн төвшнөөс дээш 4021м өндөрт Завхан голын баруун гарын цутгал, Буянт голоос баруун тийш зүүн уртрагын 97033`, хойд өргөргийн 47036`-д оршдог. Уулын оргилын мөнх цастай хэсэг нь далайн төвшнөөс дээш 3752 м-с эхлэн дээшилдэг бөгөөд 13 орчим км ам дөрвөлжин талбай эзэлнэ.
Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад яг л жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагдаж байдаг ажээ. Отгонтэнгэр уулыг анх 1828 онд дархан цаазтай болгож жил бүр тайн тахиж байхаар зарлигдаж иржээ. Тахилга нь 1930-аад оны үед зогссон бөгөөд 1995 оноос буцаан сэргээжээ. Газар зүйн судалгаанаас үзвэл Отгонтэнгэр уулыг Дундад Азийн хамгийн отгон галт уул гэж үздэг. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуурууд нь найман бэлгэдэл ажээ. Отгонтэнгэр хайрханы зүүн бэлд баруун өмнө зүг чиглэн аварга том яст мэлхийн хэлбэр бүхий харлаг хад бий. Түүнийг мэлхий хад гэдэг бөгөөд Очирваань хайрханыг хамгаалан оршдог гэсэн домог буй. Отгонтэнгэр хайрханы баруун урд байх Бадархундага уулын орчимд хадан халивтай, хадан тогооноос шавхаад шавхаад дундардаггүй, дүүрээд бас хальдаггүй “Мөнхийн ус” хэмээх рашаан мэлтэлзэнэ. Энэ уснаас уухад ходоодны хүчил нь ихэдсэн хүн илааршина. Мөн “мэндэр” гэж нэрлэдэг улаан чулууг шавар болгон нухаад түлэнхийд түрхэхэд төдөлгүй эдгэрдэг. Отгонтэнгэр хайрхан түүний ойролцоох уулсыг оролцуулан 955 хавтгай дөрвөлжин талбай бүхий газрыг 1992 онд төрийн хамгаалалттай дархан цаазат газар болгожээ. Отгонтэнгэр уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай билээ. Очирвааний оргилд ил байдаг уулсууд бүгдэд нь хормой, энгэргүй бүрхэж таван зүйлийн өнгө үнэр сүлэлдсэн арц ургадаг. Тэр дундаа хонин арц нь бүүр ч үнэр тансаг ажгуу. Арцыг гишгэх, мөчрийг нь гэмтээхийг эрс цээрлэнэ. Арцыг авахдаа ном ёсоор нь Очирвааний зүрхэн тарни хэлж хормой дэвсэн сөхөрч суугаад алга хавсран мөргөн гуйж авдаг уламжлалтай. Вансэмбэрүү хэмээх гайхамшигт ихэр цэцэг царам асга бараадан найман сарын дундуур дэлгэрэн ургана. Тэр бүр эрсэн хүнд олдохгүй. Үзэгдэх хүндээ 20, 30-аараа үзэгдэнэ гэж ярьдаг.
отгонтэнгэрээр аялсан хүний тэмдэглэл
581228_412438442108039_1778968812_nТэртээх хөх уулсын дундаас нэгэн Цаст хайрхан уул бусдаас өндөрт дүнхийн харагдах. Цэлмэг тэнгэрт ямар ч үүл алга. Нарны туяа цагаан уулын оройд гялбаалан тусах нь уулыг улам сүрлэг үзэсгэлэнтэй харагдуулах аж. Миний хувьд зурагнаас л харж бишрэн хүндэлдэг тэнгэрлэг тэрхүү уулын бэлд очихоор зорьж яваа минь энэ. Бид Завхан аймгийн Отгон сумаар дайраад нэлээд бартаа саадтай замаар явсаар Отгонтэнгэр хайрханы бэлд үдэш очиход өглөөн нарнаас цэлмэгхэн байсан тэнгэрт үүл хурж, удалгүй бороо орж ширүүссэнээр хайрхан тэр чигээрээ үүлэн дунд умбав. Хангайн оргил цэгийн дэргэд ирснийг мэдрүүлэх мэт хүйтэрч, бороо орохтой зэрэгцэн манайхан ч майханаа барьж, дулаан хувцасаа давхарлан өмслөө. Гадаа лав -2-3 хэмтэй байгаа байх аа. Харин нутгийн саахалт айлын хүүхдүүд бараг нүцгэн шахам гэрээсээ орж гарч харагдана. Тэд Цаст уулын энгэрт төрж, өссөн болохоор баргийн хүйтнийг ажрахаа байсан биз дээ.
Маргааш өглөө нь ургахын улаан наран байгаль дэлхийг гэрэлтүүлэн мандахад сэрлээ. Бөх унтжээ. Урд орой нь майхныг маань аваад хаячих шахам аашилж байсан цаг агаар нам гүм. Ямар ч үүлгүй цэлмэгхэн хөх тэнгэр, өглөөн нарны туяагаа цацруулж, Отгонтэнгэр хайрханы оройн цас цагааранхан харагдах. Монголын ард түмний буян заяаг ивээлдээ аван дүнхийх Цаст цагаан уулыг “оригоор” харах нь юутай гайхалтай вэ. Хүндлэм, бишрэм, хайрлам сэтгэл төрнө. Байгаль дэлхийтэйгээ ойр өссөн монгол хүн бүрийн сэтгэлийг соронзон мэт татах энэ л эгэлгүй уул нутгийнхны ярьдгаар үнэхээрийн амьд юм болов уу. Өнгөрсөн зургадугаар сард болсон Отгонтэнгэр уулын Төрийн тахилгын үеэр Монголын бурхан шашинтны холбооны тэргүүн хамба Д.Чойжамц “Биднийг уулын бэл доороос ирж явахад Отгонтэнгэр уул яг л амьд юм шиг санагдсан. Үүлээр биеэ нуугаад бороо зүсрээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээж авч байгааг нь харахад яг л амьд юм шиг. Ямар гайхамшигтай юм бэ. Бид л сэтгэл зүрхнээсээ тахиж чадвал энэ уул ус гэдэг чинь эзэнтэй юм байна гэдэг бодол төрж байлаа” гэжээ.
Отгонтэнгэр хайрхан минь
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.
Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулын нэг бөгөөд тахилгатай уулынх нь хувьд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ. Отгонтэнгэр уул нь Улиастай хотоос 100 км, амралтын газраас урагш 20 гаруй км зайтай оршино[1].
Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул мөн бөлгөө.Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэнийг “Хаадын сан” цувралын Чингис ханы ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулжээ. Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8р зуунд Түргүүд тахидаг байсан.Түүнээс хойш 1779онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна. Энэ хайрхан нь хангай нурууны ноён оргил дтд- 4031 м өргөдсөн Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчимын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг. Завхан аймгийн Отгон сумын нутагт оршдог Аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78км, Отгон сумаас Хайрхаы өвөр Бадархундаг нуур хүртэл 55 км байдаг байна. Мөнх цаст Отгонтэнгэр уул, Бадархундага нуур, өвөрмөц тогтоц бүхий гол нуур, халуун хүйтэн рашаан, Отгоны амралт, Даян амралт, биологийн төрөл зүйл, Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр уул нь далайн түвшнөөс дээш 4031 м өргөгдсөн, 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамал зэрэг нэн ховор, ховор ан амьтад, ургамалтай. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна. Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч Бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн. Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгыг төрийн нэрийн өмнөөс үйлддэг шашин, төрийн хосолмол ёслол бөлгөө.
МАГТАН ДУУЛЪЯ
ХӨГ НЬ ТОХИРСОН МОРИН ХУУР ШИГ
ХЭЛЭНД УРСАХ ЯРУУХАН ШҮЛГЭЭР
ХӨДӨӨ НУТАГАА МАГТАН ДУУЛЖ
ХӨХҮҮРТЭЙ АЙРАГАА ИСТЭЛ МАГТЪЯ
ХУЛТАЙ АЙРАГАА АМТЛАН ЗАЛГИЛААД
ХУВИНТАЙ СҮҮГЭЭ ЦАЛИГТАЛ МАГТЪЯ
ХУРТАЙ ЗУНЫ АЛАГ СОЛОНГЫГ
ХОЁР МӨРӨН ДЭЭР БУУТАЛ МАГТЪЯ
СЭТГЭЛД ХӨГЛӨГДСӨН ЯТГА ШИГ
САНААНД БУУСАН ШҮЛГИЙН МӨРӨӨР
СААЛЬЧИН БҮСГҮЙН ЭНГЭРИЙН ТОВЧЫГ
САМАРСАН СҮҮНД НЬ УНТАЛ МАГТЪЯ
МОЛОР ЭРДЭНИЙ ТУУРАЙН ЧИМЭЭГЭЭР
МОНГОЛЫН ХӨДӨӨ ХӨГЖИМДДӨГ ЮМ
МАЛЧИН АРДЫНХАА ЗАЯА БУЯНЫГ
МИЧИД ИНЭЭТЭЛ МАГТАН ДУУЛЪЯ
2012 7САРЫН 19 УЛААНАҮҮ
Нутаг
Аянч шувууд нуураа орхидог шиг
Амьдрал намайг холоо дагуулсан тэр жил
Цоргын хөндийд бойтогны минь мөр үлдэж
Цовоодуу бариувчтай охин төрх хоцорсон
Санаж байнаа нутгийнхаа уул усыг
Сар шөнөжин харж хонодог Ойгон нуураа
Санаа сайт олныхоо сэтгэлтэй
Садан төрөл гозгор барчгараа
Оройн наран хажуулдасхийн Талын улаанд минь амардаг
Орог саарал зэрэглээ Нөмрөг Хөдрөгийг минь манадаг
Орчлонг ундаалах гэж заяасан Сантийн рагшаан цэлэлзээд
Одоо миний нутагт зун болж байгаадаа
Санаж байнаа нутгийнхаа уул усыг
Сар шөнөжин харж хонодог Ойгон нуураа
Санаа сайт олныхоо сэтгэлтэй
Садан төрөл гозгор барчгараа
"Би хаана төрөө вэ?"
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
ЗАВХАН СУМЫН ХАЛИУН АЗАРГА
ХАТАН ЗАВХАНЫ ХАВТГАЙГААС
ХАЛХЫН НУТГИЙН ДОВОН ДЭЭР
ХУРДАНЫ ШАНДАСАА СОРЬХООР
ХАЛИУН АЗАРГА ИРСЭН БАЙНА
ХАН ХЭНТИЙН ДОШИН ДЭЭР
ХААНЫ БОРЖГОН ХОШУУНД НЬ
ХУЙ САЛХИ МЭТ ХУРДЛАЖ
ХОЛ ТАСАРХАЙ ТҮРҮҮЛЛЭЭ
ХӨНГӨН ХӨЛӨНДӨӨ ЭРДСЭН БАЙХ
ХӨЛС ХООЛ НЬ ТОХИРСОН БАЙХ
ХҮЧ ЧАДАЛДАА ИТГЭСЭН БАЙХ
ХҮҮХЭД НЬ ХӨНГӨН БАЙСАН БАЙХ
ХАНГАЙ ГАЗРЫН ХҮЛГҮҮДТЭЙ
ХАРДАЛ БЭЭСИЙН ХУРДНУУДТАЙ
ХЭРЛЭН МӨРНИЙ УНАГАНУУДТАЙ
ХЭРЛЭНГИЙН ХӨДӨӨ АРАЛД НЬ
ХАЛЗ УРАЛДАЖ ТҮРҮҮЛЭЭД
ХАРИШГҮЙ ХУРДАНАА ГАЙХУУЛАВ
ҮҮЛИЙН ҮРГҮЙ ХУРДАН ЮМ
ҮНЭХЭЭР САЙХАН АЗАРГА ЮМ
УЛСЫН НААДАМ БОЛОХ ГЭЖ БАЙНА
УРАЛДАНА ШҮҮ ХАЛИУН АЗАРГА
УНАГАН НУТАГАА ДУУДУУЛЖ
УЯСАН ЭЗЭНЭЭ БАЯРЛУУЛААРАЙ
ХАН УУЛЫН ЭНГЭР ТАЛД
ХҮЙ ДОЛООН ХУДАГ ГЭЖ
ХАЛХЫН ХУРДНУУД ЦУГАЛСАН
ХАЧИН САЙХАН ТАЛ БИЙ
ЭНД УРАЛДАЖ ТҮРҮҮЛЭЭРЭЙ
ЭВШЭЭЖ ШИЛГЭЭЖ ЯНЦГААГААРАЙ
ИЖИЛ СҮРЭГ ЧИНЬ СОНСОНО ШҮҮ
ИРСЭН ЗОРИЛГО ЧИНЬ БИЕЛЭХ БОЛНО
Monday, November 11, 2013
би монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн юм
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би, хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээглэсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Тийм ээ, би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгүй Хэрлэнгийн ус шиг бүсийг нар зөв бүслэж гоёдог
Шилрэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор өчүүхэн чулуу ташчихаад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насандаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан шилийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулай минь гэж залбирна аа эх орон минь
Алгын чинээхэн нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна аа эх орон минь
Бөөрийн чинээхэн улс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхэт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацна
Дулаацсан биенээс минь хийморь савсан
Савссан уурны нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар, дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би ямар, дээлтэй сахиус шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар, энэрлээ энэрлээ гээд энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар, эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад төрөх биш дээ
Би ямар, үнэн худлыг ялгах сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар, үүлтэй нартай хорвоод сүүдрээ адлаж чадах биш дээ
Гэхдээ би, агтны мөртэй Монголдоо
Амгайн чинээ ойрхон явах юмсан гэж боддог юм
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалахын зайтай үнэн явах юмсан гэж хичээдэг юм
Эх орон минь
Би Монголоороо гоёдог
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн юм
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би, хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээглэсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Тийм ээ, би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгүй Хэрлэнгийн ус шиг бүсийг нар зөв бүслэж гоёдог
Шилрэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор өчүүхэн чулуу ташчихаад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насандаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан шилийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулай минь гэж залбирна аа эх орон минь
Алгын чинээхэн нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна аа эх орон минь
Бөөрийн чинээхэн улс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхэт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацна
Дулаацсан биенээс минь хийморь савсан
Савссан уурны нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар, дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би ямар, дээлтэй сахиус шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар, энэрлээ энэрлээ гээд энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар, эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад төрөх биш дээ
Би ямар, үнэн худлыг ялгах сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар, үүлтэй нартай хорвоод сүүдрээ адлаж чадах биш дээ
Гэхдээ би, агтны мөртэй Монголдоо
Амгайн чинээ ойрхон явах юмсан гэж боддог юм
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалахын зайтай үнэн явах юмсан гэж хичээдэг юм
Эх орон минь
Би Монголоороо гоёдог
Subscribe to:
Posts (Atom)