
Showing posts with label миний нутаг. Show all posts
Showing posts with label миний нутаг. Show all posts
Saturday, November 30, 2013
вансэмбэрүү цэцэг
Вансэмбэрүү нь ихэвчлэн 3000 метрээс өндөрт уулын таг царман дундах хад
асганд хосоороо ургадаг, 15 см-ээс 1 метр хүртлэх өндөр, бүдүүн иштэй,
захаараа олон хурц шүдлэгтэй, гонзгойвтор навч нь шилбээ дагасан далавч
үүсгэсэн дэлбэгэр том цагаан дэлбээтэй цоморлигийн голдоо балчир
хүүхдийн зулай адил зөөлөн бүлээн хүрэн толгойтой цэцэг. Цэцгийн голч
10-15 см. Найрлагандаа алкалиод, флавонойд, сапонин, кутарин, зүрхний
глюкозидтай. Монголд нөмрөгт банздоо, байгалийн банздо, дорогстайн
банздоо гэсэн гурван зүйлийн Вансэмбэрүү байдаг аж. Манай орны Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховорхон тархан ургадаг. Энэ
ургамалд эр, эм бэлэг хамтдаа байрладаг, хос бэлэгтэй нэг гэрт ургамал.
Үрээр үржихдээ муу. Өөр хоорондоо 10-20 метрийн зайтай ургах бөгөөд
үүний нууц нь өнөөг хүртэл тайлагдаагүй байна.

Monday, November 25, 2013
Отгонтэнгэр уул минь
Отгонтэнгэр уул
Отгонтэнгэр уул
Шийдвэрийн дугаар: 1995 оны 110 тоот зарлиг
Ерөнхийлөгчийн нэр: П.Очирбат
Тахилга үйлдсэн он: 1995, 1999, 2003, 2007 он
1992 онд Отгон, Алдархаан сумын 95510 гa тaлбaйг Улсын бaгa хурлын 11 дүгээр тогтоолоор улсын тусгaй хaмгaaлaлтaнд aвч, 1995 оны УИХ-ын 26 дугаар тогтоолоор Дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан.
Отгонтэнгэрийн ДЦГ нь Зaвхaн aймгийн төвөөс зүүн тийш 45 км-т нийт 95510 гa тaлбaйг эзлэн оршино. Улaaнбaaтaр хотоос 1000 км aлслaгдсaн. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул нь далайн төвшнөөс дээш 4021м өндөрт Завхан голын баруун гарын цутгал, Буянт голоос баруун тийш зүүн уртрагын 97033`, хойд өргөргийн 47036`-д оршдог. Уулын оргилын мөнх цастай хэсэг нь далайн төвшнөөс дээш 3752 м-с эхлэн дээшилдэг бөгөөд 13 орчим км ам дөрвөлжин талбай эзэлнэ.
Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад яг л жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагдаж байдаг ажээ. Отгонтэнгэр уулыг анх 1828 онд дархан цаазтай болгож жил бүр тайн тахиж байхаар зарлигдаж иржээ. Тахилга нь 1930-аад оны үед зогссон бөгөөд 1995 оноос буцаан сэргээжээ. Газар зүйн судалгаанаас үзвэл Отгонтэнгэр уулыг Дундад Азийн хамгийн отгон галт уул гэж үздэг. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуурууд нь найман бэлгэдэл ажээ. Отгонтэнгэр хайрханы зүүн бэлд баруун өмнө зүг чиглэн аварга том яст мэлхийн хэлбэр бүхий харлаг хад бий. Түүнийг мэлхий хад гэдэг бөгөөд Очирваань хайрханыг хамгаалан оршдог гэсэн домог буй. Отгонтэнгэр хайрханы баруун урд байх Бадархундага уулын орчимд хадан халивтай, хадан тогооноос шавхаад шавхаад дундардаггүй, дүүрээд бас хальдаггүй “Мөнхийн ус” хэмээх рашаан мэлтэлзэнэ. Энэ уснаас уухад ходоодны хүчил нь ихэдсэн хүн илааршина. Мөн “мэндэр” гэж нэрлэдэг улаан чулууг шавар болгон нухаад түлэнхийд түрхэхэд төдөлгүй эдгэрдэг. Отгонтэнгэр хайрхан түүний ойролцоох уулсыг оролцуулан 955 хавтгай дөрвөлжин талбай бүхий газрыг 1992 онд төрийн хамгаалалттай дархан цаазат газар болгожээ. Отгонтэнгэр уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай билээ. Очирвааний оргилд ил байдаг уулсууд бүгдэд нь хормой, энгэргүй бүрхэж таван зүйлийн өнгө үнэр сүлэлдсэн арц ургадаг. Тэр дундаа хонин арц нь бүүр ч үнэр тансаг ажгуу. Арцыг гишгэх, мөчрийг нь гэмтээхийг эрс цээрлэнэ. Арцыг авахдаа ном ёсоор нь Очирвааний зүрхэн тарни хэлж хормой дэвсэн сөхөрч суугаад алга хавсран мөргөн гуйж авдаг уламжлалтай. Вансэмбэрүү хэмээх гайхамшигт ихэр цэцэг царам асга бараадан найман сарын дундуур дэлгэрэн ургана. Тэр бүр эрсэн хүнд олдохгүй. Үзэгдэх хүндээ 20, 30-аараа үзэгдэнэ гэж ярьдаг.
отгонтэнгэрээр аялсан хүний тэмдэглэл
581228_412438442108039_1778968812_nТэртээх хөх уулсын дундаас нэгэн Цаст хайрхан уул бусдаас өндөрт дүнхийн харагдах. Цэлмэг тэнгэрт ямар ч үүл алга. Нарны туяа цагаан уулын оройд гялбаалан тусах нь уулыг улам сүрлэг үзэсгэлэнтэй харагдуулах аж. Миний хувьд зурагнаас л харж бишрэн хүндэлдэг тэнгэрлэг тэрхүү уулын бэлд очихоор зорьж яваа минь энэ. Бид Завхан аймгийн Отгон сумаар дайраад нэлээд бартаа саадтай замаар явсаар Отгонтэнгэр хайрханы бэлд үдэш очиход өглөөн нарнаас цэлмэгхэн байсан тэнгэрт үүл хурж, удалгүй бороо орж ширүүссэнээр хайрхан тэр чигээрээ үүлэн дунд умбав. Хангайн оргил цэгийн дэргэд ирснийг мэдрүүлэх мэт хүйтэрч, бороо орохтой зэрэгцэн манайхан ч майханаа барьж, дулаан хувцасаа давхарлан өмслөө. Гадаа лав -2-3 хэмтэй байгаа байх аа. Харин нутгийн саахалт айлын хүүхдүүд бараг нүцгэн шахам гэрээсээ орж гарч харагдана. Тэд Цаст уулын энгэрт төрж, өссөн болохоор баргийн хүйтнийг ажрахаа байсан биз дээ.
Маргааш өглөө нь ургахын улаан наран байгаль дэлхийг гэрэлтүүлэн мандахад сэрлээ. Бөх унтжээ. Урд орой нь майхныг маань аваад хаячих шахам аашилж байсан цаг агаар нам гүм. Ямар ч үүлгүй цэлмэгхэн хөх тэнгэр, өглөөн нарны туяагаа цацруулж, Отгонтэнгэр хайрханы оройн цас цагааранхан харагдах. Монголын ард түмний буян заяаг ивээлдээ аван дүнхийх Цаст цагаан уулыг “оригоор” харах нь юутай гайхалтай вэ. Хүндлэм, бишрэм, хайрлам сэтгэл төрнө. Байгаль дэлхийтэйгээ ойр өссөн монгол хүн бүрийн сэтгэлийг соронзон мэт татах энэ л эгэлгүй уул нутгийнхны ярьдгаар үнэхээрийн амьд юм болов уу. Өнгөрсөн зургадугаар сард болсон Отгонтэнгэр уулын Төрийн тахилгын үеэр Монголын бурхан шашинтны холбооны тэргүүн хамба Д.Чойжамц “Биднийг уулын бэл доороос ирж явахад Отгонтэнгэр уул яг л амьд юм шиг санагдсан. Үүлээр биеэ нуугаад бороо зүсрээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээж авч байгааг нь харахад яг л амьд юм шиг. Ямар гайхамшигтай юм бэ. Бид л сэтгэл зүрхнээсээ тахиж чадвал энэ уул ус гэдэг чинь эзэнтэй юм байна гэдэг бодол төрж байлаа” гэжээ.
Отгонтэнгэр хайрхан минь
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.
Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулын нэг бөгөөд тахилгатай уулынх нь хувьд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ. Отгонтэнгэр уул нь Улиастай хотоос 100 км, амралтын газраас урагш 20 гаруй км зайтай оршино[1].
Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул мөн бөлгөө.Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэнийг “Хаадын сан” цувралын Чингис ханы ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулжээ. Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8р зуунд Түргүүд тахидаг байсан.Түүнээс хойш 1779онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна. Энэ хайрхан нь хангай нурууны ноён оргил дтд- 4031 м өргөдсөн Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчимын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг. Завхан аймгийн Отгон сумын нутагт оршдог Аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78км, Отгон сумаас Хайрхаы өвөр Бадархундаг нуур хүртэл 55 км байдаг байна. Мөнх цаст Отгонтэнгэр уул, Бадархундага нуур, өвөрмөц тогтоц бүхий гол нуур, халуун хүйтэн рашаан, Отгоны амралт, Даян амралт, биологийн төрөл зүйл, Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр уул нь далайн түвшнөөс дээш 4031 м өргөгдсөн, 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамал зэрэг нэн ховор, ховор ан амьтад, ургамалтай. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна. Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч Бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн. Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгыг төрийн нэрийн өмнөөс үйлддэг шашин, төрийн хосолмол ёслол бөлгөө.
Subscribe to:
Posts (Atom)