Monday, November 25, 2013

Малын хөлийн тоос

Найман сар дундаа орж, ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон юм шиг уужимхан цэлийж, салхи сэрүүхэн үлээх болжээ. Байгаль ертөнцийн хишиг бүрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө. Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай, умар уулсын бэл униартах ногоон дэнжтэй, Хангай говийг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бүсгүй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээ хоёр цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавилаа. Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг нь сайртай бор хөлөө, нөгөө нь цээжин биеэ ил гарган унтаж байгаа балчир хоёр хүүдээ хувь тавьж байгаа нь энэ. Гэрийн эзэгтэй саалийн хувин авч гадагшаа гарахад өглөөний сааль хүлээсэн үнээ тугал мөөрөлдөн угтлаа. Зүүн нуурын галуу нугас нарнаар наргин ганганалдаж, хөмүүл таанын тааламжит үнэрээр агаар салхи анхилж, хүн бүл сайтай саахалт айлын их бага гэр, тэрэг тэмээ, хонь мал, хүлээн авагчийнх нь хүнгэнэх дуу энэ бүхэн өөрийнх нь дорой буурайг сануулах мэт болно. Бүсгүйн сэтгэл ийнхүү догдолсон нь сүүлийн хэдэн өдөр нэгэн учралыг хүлээснийх билээ. Найртай тансаг найман сарын эхээр баруунтайгаас хүрэлцэн ирэх тууварчдын магнайд учралт хүн нь буух ёстой байлаа. Тэгээд ч өнгөрсөн хэдэн өдөр Борогчингийн хөндийн урд уулын ар, хойт уулын энгэрийг туж харуулдсаар байсан. Энэ удаа ч гэсэн гэрээс гарангуут мөрөөдөлт зүгийн энгэр дэнжийг ажиглатал хэдэн суурь хонь үхэр цайран багширч, тууварчдын гэр майхан ундуй сундуй үзэгдлээ. Энэ бүхнийг харангуут танхил царайт бүсгүйн хацар дээрх тарлан сэвх хүртэл туяаран шингэрч, уйтгарлаг, бодлогоширонгуй нүд нь энэ өглөөний тэнгэр мэт мишилзэн цэлмэлээ. Тэгээд гүйхээрээ явж хэдэн үнээгээ хагас дутуу саагаад хүүхдүүдийнхээ нүүр гарыг угааж, цэвэр хувцас өмсгөөд, гэр бараагаа янзалж, идээ будаагаа зэхээд, гарах орох тоолондоо тууварчдын буусан зүг ширтэн харан байтал үдийн алдад тэндээс наашилж яваа хөтөлгөө морьтой хүн үзэгдлээ. Бүсгүй хоёр хүүгээ гадуур тогло гэж гаргаад гэрийнхээ хаяаг сөхөж, ханын нүдээр зам ширтэж суулаа. Удсан ч үгүй ижилхэн хул морьтой, хурц ногоон өнгийн дээлээ сугалдаргалж, цагаан цамцны ханцуйг шамласан хүн гарч ирэхийг нь харвал Балбар мөн болохыг даруй таньж нэг мэдэхнээ нь л угтаж гарсан байлаа. Балбар уяан дээр тайвуухан бууж хоёр загалаа уяад, хойш урагшаа холыг харж, хоолой засаад, ногоон саарьтай ээтэн гутлаараа нунтаг хөх шороон дээр хол хол мөр гаргасаар хүрч ирээд, - За Чанцаал, сайн сууж байна уу? гэж намрын шим шүлт хурсан хүдэр хүрэн царайндаа түвшин инээмсэглэл тодруулж, дөшин цагаан шүдээ яралзуулан урт аяны нарыг шингээж, салхийг сөрсөн хүрэн ягаан цээжээ ханхалзуулан зогслоо. Чанцал сэтгэлийг булаасан сайхан эрийн жавхлангийн өмнө бишүүрхэх баясах хослон байгч бүсгүйн зангаар гирэвшингүй харж, "- Сайн, сайн явж байна уу? Тууврын мал үзэгдэхээр нь чамайг ирсэн байх гэж бодсон юм" гэлээ. Хүлээсэн хүн нь хүрэлцэн ирсэн учралт өдрийн баяраар бие сэтгэл хөнгөрч, хурдан шалмаг хоол унд хийж зочлонгуут авдраасаа галуун хүзүүт гаргаж, шимийн архи аягалахад, Балбар хамрынхаа самсааг сарталзуулан хоёр завьжаараа савируулан залгилаад, гарынхаа алгаар амаа арчиж тамшаалан, - Үгүй яах вэ? Энэ жил ажил явдал урагштай хө. Өвгөн чинь аймгийн тууварчдын зөвлөлгөөнд оролцох яггүй үүрэг аваад байгаа. За тэгээд сайшаалгана гэдэг ч дээ санааных биш, зүтгэлийнх юм шив дээ. Энэ жил хэдэн муу өеөдмөр маань овоо таргалж явна. Хотынхны ходоодыг өөхөөр таглаад муу хар түрийвчээ хөдөлмөрийнхөө хөлсөөр мялаалгаад буцдаг хэрэг ээ хө. За даа тэгээд зам өлзийтэй, ажил урагштай байдаг ч тэгээд аавын хүүгийн аз шоо мөн биз дээ. Таван жил мал туухад үнэндээ гажуу буруу явсангүй. Тэгээд ч угтаж золгоод, үдэж мордуулдаг чам шиг хүнтэй байхаар дотор уужим явах юм байна шүү дээ хө" гэж шилбэлзэн суулаа. Хэдхэн тагш архи уусанд нүүр нь хөлс дааварлан, нүд нь маналзаад ирлээ. Чанцалын өсөх насны өмсгөл болох хөх дурдан тэрлэг өндөр гоолиг биеийнх нь аясыг тодруулан , хилэн хар үснээс нь танил үнэр анхилах мэт санагдаж, урсгал хар нүднийх нь харц эр хүний элдэв авирыг хүлцэн өнгөрүүлэх шинжтэйг шунамхайран харж суусан Балбар, - Үгүй Чанцаал! Өвгөн чинь малын хөлийн тоосонд ганцаараа явсаар насыг ямар баралтай биш дээ. Гээд ханьгүй хүнд харанхуй хорвоог гэгээтэй нартай болгох хүн тэр болгон яаж дайралдах аж даа. Тийм үү дээ, Чанцаал? гэхэд нь Чанцал баахан тулгамдаж "-Тийм ээ, үгүй тэгээд тэр хүн чинь ... гэтэл - тэр хүн чинь чи шүү дээ гээд Балбар агдганан инээсээр босож ирээд Чанцалын гараас шүүрэн авч тэврэхийг завдсанд, "-Яах нь вэ, хүүхдүүд ирлээ" гээд булт үсрэн зайллаа. Балбар тэсч ядан инээсээр ор луу нь очиж толгойгоо салаавчлан хэвтэхэд ханхар цээж нь оволзон байна. Хоёр хүү ээжийнх нь орон дээр сунайтал хэвтэж байгаа танихгүй ахаас эмээн хатавчны дэргэд бие биедээ наалдан зогслоо. Балбар өндийж ар суганаасаа савхин түриийвчээ тэмтрэн аваад хоёр улаан аравт гаргаж, - Үгүй Чанцаал, саахалт чинь агент хэвээрээ биз дээ? Миний хоёр хүү нааш ир, май энүүгээр чихэр авч ид! гэхэд амтат энэ үгэнд урхилагдсан хоёр хүү шүлсээ залгиж алгаа тоссоор хүрч ирээд тус тусын хувийг авангуут уралдан гарч одлоо. Балбар дахин нэг галуун хүзүүт шавхаад Чанцалыг оройн саалиндаа гарсан хойгуур нь хувцас хунараа тайчиж ор дэвсгэрийг нь тавтайяа эзэгнэжээ. Маргааш өглөө нь Чанцалын хийж өгсөн бантанг идэж бас нэг галуун хүзүүт тонилгоод мордохдоо: - За Чанцаал, маргааш манайд Дашинчилэнгийн нэг хэдэн юм ирнэ. Үгүй яахав, газар газрынхантай гар барьж, ганзага нийлэх юу нь муу байх вэ. Тэгээд ч чи бид хоёрын холбоотойг мэддэг л юм байна билээ. Ганц хүн айл болохгүй, ганц цучил гал болохгүй, аан хэ хэ. Өө чи заавал очно шүү гэлээ. Маргааш өглөө нь Чанцал өглөөний саалийг сааж сүүгээ тушаагаад хоёр хүүгээ ундаалж гэрээсээ бүү холдоорой гэж сайтар захиад хэдэн зуны наранд онгосон торгон дээлээ өмсөж, нэгдлийн адуунаас ноогдсон хөгшин хүрнээ эмээллэн мордлоо. Тэгээд тууварчдын буусан зүг сажлуулжээ явахдаа шимийн архины исгэлэн үнэрээр амьсгаалсан гүжирмэг эрийн хажууд өнгөрүүлсэн энэ шөнийн явдлыг санаж, хэлсэн амласан нь үнэн болж, хүлээж мөрөөдсөн амьдрал нь маань биелбэл хаа ч явсан болно. Хоёр муу хүүгээ л хүний зэрэгтэй өсгөж, сургуульд оруулж бусдын цагаан гэр, хүлээн авагч, шинэ хувцас тэр бүхэнд атаархахааргүй, төрсөн эс боловч эцэг гэх хүнтэй, уруу дорой царайлахааргүй хийморьтой явахаар болговол хамаг хэрэг бүтэх нь тэр ээ. Намайг бодох юм бол ухаантай, чадалтай эр хүн уужим сэтгэл гаргаж, хөөрхий хоёр үрий минь зөв сайнаар хүмүүжүүлэх нь лав. Балбар хүүхдэд их элэгтэй хүн юм. Бага балчирхан амьтад юундаа дасаж ядах вэ дээ. Энэ насандаа хүний сайныг олж ханилах хувь тавилантай явсан минь сая гүйцэлдэх нь энэ биш үү" гэх зэргээр олныг бодож явлаа. Тууврын хонь мал, суурь сууриараа багшран бэлчээрлэж, уулын энгэр дэнж дээрх тууварчдын гэр майхан энд тэнд үзэгдэнэ. Тууварчдын зүүн жигүүрт байгаа хундан цагаан гэр бол Балбарынх мөн. Дэргэд нь бараан өнгийн хоёр майхан, бодвол нөгөө Дашинчилэнгийнхний бололтой эмээлтэй морьд байна. Чанцал гэрээс зайдуухан бууж морио тушаад баахан зүрхшсээр гэрт оров. Чанцалын орж очиход Балбар хэдүүл дөрвөн ханатын хоймрыг бүрхсэн хивс дээр ясан даалуу тачигнуулж суулаа. Балбар Чанцалын өөдөөс наалинхай нүдээр мишилзэн, - Ээ ашгүй чи хүрээд ирэв үү. Би эднүүст нутгийн чинь хүүхнээр хонины гэдэс арчуулна гэж суулаа шүү дээ. За даа тэгээд малын тоосонд дарагдаж яваа мань мэтэд иймэрхүү өдөр ямар олон тохиолдох юм биш дээ. Алив Сугар гуай хонио төхөөрөх үү дээ гэхэд Балбартай хамт яваа тууварчин бололтой аяншиж гундсан ядрангуй царайтай нэг өвгөн гадагш гарч мөчийн дотор амжууллаа. Чанцал хонины гэдэс янзалж хажуугийн майханд тогоо дүүрэн мах чанаж авчирсанд мань хэд ханцуй шамлан уулзлаа. - Эрүү Дамба гэж нутгийн хижээл эр хаяанаас нэг лонх хар архи авч ханцуйгаараа жийрэглэн нэг цохисонд бөглөө нь бүлт үсрэн эхний хундага Балбарт зориулагдлаа. Цохиулах ээлжээ хүлээж байгаа лонхнууд гэрийн хаяанд жирийтлээ хэвтэх ажээ. Удсан ч үгүй хар архинд хатгуулсан даалуучингуудын үг олширч өгөө авааны тухай маргалдаж эхлэхэд Чанцал сэм гарч өвгөний майханд орлоо. Өвгөн ч бас архинаас хувь хүртсэн болохоор онгод нь бяцхан орж утаа тортог болсон нөхөөст хар майхныхаа голд давшлан, - За хүүхээ чи наашаа суу. Би чамд санаснаа хэлье. За ер нь бэлтэй чадалтай цагаан гэртэй, чадалгүй дорой нь хар майхантай явдаг чинь ёс шүү дээ. Энүүнд бол гомдох юм алга. Аа харин малын хөлийн тоосонд дарагдлаа л гэнэ. Чухам хэн нь дарагдаж яваа бол доо. Би бол яахав улаан цурав үр хүүхдээ тэжээх л гэж хэдэн жил мал туулаа. Хаа ч гэсэн хөдөлмөр хийхгүйгээр ямар амьдрах юм биш, сурсан дадсанаа хийж аминдаа ч гэсэн, улсдаа ч гэсэн зүтгэж явахаас өөр яах вэ. Ай даа мал тууна гэдэг чинь амар ч ажил биш дээ. Хавар эрт ээ гараад л өвлийн эхээр гэрийн бараа харна шүү дээ. Ард үлдсэн хэдийнхээ төлөө санаа зовно. Өлсөх даарах өдөр ч тохиолдоно. Гэлээ ч гэсэн яахав амьдрахын төлөө ариун цагаан хөдөлмөр хийж яваагаас хойш юундаа тэгтлээ гажрах вэ. - Гэхдээ үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг дээ. Би Балбарт би жаахан гомдох болсон доо. Танил талтай, эр чадалтайдаа эрдэж, хуурамч хуудуу явдалтай болж байгаа хүн. Уг нь хүн сайн явах тусмаа үнэнч болох ёстой сон. Гэтэл хуурмагаар олсон алдар нэр гэдэг чинь алт мөнгө шунал төрүүлдэг нь ёс оо доо. Үгүй хүүхээ Балбарыг чи яадаг болсон гэж санана. Өөрийнх нь ажил бүтэж байвал бусдынх яаж ч байсан хамаагүй. Ноднин адилхан л мал тууж гарсан. Намар хамгийн түрүүнд тушаалаа. Тэгсэн чинь хамгийн туранхай мал тууж гараад хамгийн их таргалуулсан хүн Балбар боллоо. - Өвгөн ах чинь атаа жөтөө санаж, тэгж амьтны мууг үзэж яваагүй. Тэгэхнээ хээл хахууль авч улсын санг ч хохироодог, мань мэтийг ч хохироодог явдал байна. Балбар яахав дээ идэшний ганц хоёр юм илүүчилж аваачаад л тэндэхийн дарга даамалтай сүлбэлдэн дархан эрх эдэлж худал хуурмаг баримт, шагнал мөнгө аваад тэргүүний сайн хүн болж мандаж явдаг нь тэр байхгүй юу. Үгүй одоо сүүлдээ бүр улсын малыг хүртэл хольж хаяагаа хадардаг болж явна. Юу гэсэн үг байх вэ дээ. Ноднин зах дээр тав зургаан шар зарсан. Энэ жил бүр арав хорь хүргэх бололтой. Ээ яахав төрийн төлөө оготно гэж бодох юм бол ч эс мэдэгчин болоод явмаар л байна. Үгүй чи нэг жаахан бодолтой байх юм биш үү гэхээр чамд падгүй гэж уурлах юм. Уг нь би бол төрсөн эцгээс нь өөрцгүй хүн шүү дээ. За, үгүй хүүхээ чи чинь Балбарын танил юм биз дээ. Өнгөрсөн намар цаадах чинь хотоос нэг хүүхэн аваачсан. Их л эрх танхи л амьтан байдаг юм байна билээ гэж ярихад өвгөний энэ яриаг дуугүй чагнаж суусан Чанцал босон харайж: -"-Юу гэнэ ээ, Балбар чинь тэгээд эхнэртэй юм уу? гэж гайхаш тасран асуугаад өвгөнийг хариу хэлэхээс өмнө гүйн гарлаа. Даалуучингуудын нэг нь "Гозгор долоо гоохолзож, говийн хүүхэн шоохолзоно оо хө." гэж өндөр дуугаар дуудахад Балбар "Хун галуу нагал навчит, хурын үүл хурмастын хишиг, ясны хайртай Янжин, янагийн хайртай Чанцал, Татлаа, татуулах уу" гэж адтай хашгирлаа. Тэгтэл нөгөө нэг нь "Хэ хэ, хэ Нутагт байдаг Янжин, замд байдаг Чанцал гээч" гэж согтуурахад нөгөөдүүл нь бүдүүн нарийн дуугаар хөхрөлдлөө. Чанцал бөөн хар юманд бөглөрөн давчидсан цээжээ дарж, шүүрс алдаад гэрээс холдон явлаа. Нар шингэж, цагаан гэгээ туссан үе байлаа. Share

Мэнд эгч

Гониогийн манай хоёр олон жил хаяа хатган айлсч, хүн малгүй ижил дасал болсон байлаа. Ганц удаа салж нүүсэн чинь нохой маань хүртэл хоёр гэрийн хооронд гүйгээд сүүдэрт хэвтэхээ больсон тул дахин эргэж айлсав. Өгүүлэх нь: Гонио гэдэг маань дуу цөөтэй, үргэлж ямар нэгийг хайж, түүнийгээ олохгүй байгаа юм шиг өлөн атлаа цөхрөнгүй нүдтэй өвгөн. Орос дарь шиг цоохор нүүр нь чийгтэнэ гэж үгүй. Хөгшнийг нь Цэзэнбадам гэх. Цаг ямагт будаатай цай ууж, хөлс нь гоожоод ундрам хөөрөг шиг гялтганаж суудаг бүдүүн хүрэн авгай. Гэрт, гадаах бүхий л ажлаа Цэзэнбадам гуай амжуулах бөгөөд Гонио хүн хүнээс эрт босовч ёсоор хувцаслаж малгайгаа хүртэл өмсчихөөд л орныхоо хөлд чавганц суудлаар сууж тамхи нэрээд өдрийг өнгөрөөнө. Өдөржин гадаа уяатай байдаг номхон ухаа морь дөрвөн хөлийг нь хүүхэд сүлжин тоглоход ялаархахаа хүртэл больчихоод сүүлээ шарваж байдаг буянтай амьтансан. Мэнд эгчийг байхад уяанд нь морь тасардаггүй, жашин хаалганы нь суран түгжээ тэсдэггүй байснаа түүнийг Баянтүмэн рүү цэргийн дарга дагаж явснаас хойш тэдний хаалгыг нь шөнө байтугай өдөр татах хүн бараг үгүй болжээ. Гэртээ хүн орохгүй болохоор Гонио бас өшөөнд нь айлд орохгүй гэж тангараг тавьсан юм шиг хаашаа ч үл хөдөлнө. Нэг өдөр нууран дээрээс ирвэл Гониогийн гадаа ?штонх? хэмээн хурдан ногоон тэрэг хурц наранд улайдаж, хигээс төмөр нь гялтганан зогсоно. ??Мэнд ирсэн? гэж ээжийн хэлсэн үг цагаан сар болсон шиг санагдахуй санд мэнд Гониогийнд гүйж орвол нээрээ л чихрийн цаас, хөх пүүшигний иш хоёр тоймгүй. Нэг их хол газрын үнэр, нар шингэх үеийн зээргэнэт хөндийн салхи сэнгэнэнэ. Мэнд эгч зүүн орон дээр гараа хумин цомцойн суух бөгөөд нэгдүгээр ноолуур шиг сэмбэгэр цагаан малгай тавьж сумыг нь хүртэл гурав эмжсэн үзмэн ягаан пүүсүү дээлтэй нь манай энд ганган гэгддэг сургуулийн багш Үрлээгээс хэд дахин гоё. Хоёр хөлөө ээлжлэн ачиж суухад ултай торгон савхи нь мөсөн чихэр идэж байгаа юм шиг чихран дуугарна. Царай нь ихэд зөөлрөн баруун хацар дээр нь шинэ мэнгэ ургажээ. Гониогийнх зүүн талынхаа орыг банз нэмэн өргөсгөж, тэдний л авчирсан бололтой эрээн бүтээлгээр бүтээсэн нь хацраа наагаад баймаар зөөлөн сэвсгэр, ер Гониогийн зүүн тал гантай жилийн баян бүрд шиг элбэг дэлбэг өнгө хуар хосолжээ. Мэндийн нөхөр галпийтай өмд, хромон гуталтай, тэвхгэр бор хүн гэрийн баруун талд гарч зогсоод цэрэг цамцныхаа энгэрийг задгайлан сэвж салхи урин исгэрнэ. Мэнд ухасхийн босоод баруун зүүн гараар ээлжлэн унь тоолсоор гарч нөхрийнхөө дэргэд ирээд гэдсээ татан цээжээ түрж суниав. Мэнд эгч намайг ирсэн өдрөө таньсангүй. Тэр орой хонио нартай хотлуулж, хоёр гэрээр хонь гарган айл саахалтын хүмүүс бууж, эсгий хийхийн дайтай наадам болов. Гонио согтчихоод нөгөө дуугүй хүн хаа байх вэ, Пунцаг баяны хурдан хээрийг дахиад наадамд түрүүлж чадахгүй гэж хүртэл зориглон хэллээ. Үүнийг сонссон хүмүүс ичсэн могойд өвөл хатгуулсан юм шиг жигтэй хачин болцгоож уурлах, инээхийн аяыг олохгүй сандарцгаав. Маргааш өглөө нь Мэнд нөхөртэйгээ эрт босч хамаг торхтой усаар нүүр цээжээ угаасан тул Цэзэнбадам гуай манайхаас цайны ус авлаа. Буцахад бензин тос хүрэхгүй болуужин гэхдээ хурдан ногоон тэргээ бараг унахгүй, гэрийн гадаа сүүдэр дагуулан тавих бөгөөд цай уумагц л нуурын зүг шүхэр барьж явгаар одно. Маашинтай даавуун шүхэр сархийтэл дэлгэгдэхэд нуурын шувууд үргэн нисэлдэж номхон ухаагийн нүд хүртэл хоромхон сэргэдэг байлаа. Халуун болоод ч тэр үү, аль эсвэл хурц наранд гандаж зэврэхээс хамгаалсан ч юм уу, нөхөр нь алтан ногоон одон тэмдэгтэй дарга цамцаа өмсөх нь ховор. Үргэлж л ханын толгойд өлгөөтэй байх цамцыг би тэднийг нуур луу явсан хойно л одон тэмдгийг нь дураараа үзэж арынх нь дугуй эргэдэг юмыг эргэдэн суллаж үзээд буцаан чангалдаг байлаа. Би дайчин ялалт, цэрэг хүний хатуу амьдралыг жаахан зүрхэндээ багтааж ядан мөрөөсч гэрийн сүүдэрт бензин ханхлуулан зогсох хурдан ногоон ?штонх?-ыг харахаараа нойрмог нүдтэй номхон ухаа моринд шал дургүй хүрнэ. Мэнд нууран дээрээс ирэхдээ хонинд яваад ирсэн мэт их л ялархуу байдалтай байх бөгөөд мах өшиглөж нурман дээр тавьсан цайнаас уугаад орон дээрээ цомцойн сууж, саахалтын айлаас надаар авчруулсан мандолиндаа ямар нэгэн хөөрхөн ая оруулж ядна. Тэр орж ядан байгаа аяыг нь чагнаад байхаар ?штонх? тэргэн дээр харайлгах гэж байн байн ирээд ямагт шилбүүрдүүлэн хөөгддөг эрх хөх ишиг санаанд орно. Нөхөр нь хромон гутлаараа хана дөрөөлөн эхнэрийнхээ цаагуур хэвтээд ном уншина. Мэндтэй багадаа хонь хурганы бэлчээр, худгийн довцог дээр тоглож явсан харцуул хааяа давхин ирэвч хүүхний тоомжиргүй харц, ханын толгойд өлгөөстэй ширэн савтай гар буу хоёроос дөлсхийн мордоно. Ирсэн хүнийг явмагц Мэнд: -Саяын нэг хөгшин хар юм намайг ширтээд байхад чи тэнэглээд л ном шагайгаад хэвтэх юм. Би наад номноос чинь долоон дор байна уу? Чи ер нь надад хайргүй байх аа гэж тунирхан эрхэлнэ. Тэгэхэд нөхөр нь, -Ширтээд байгаа хүнийг чинь би яах юм бэ? Ямар нүдийг нь боолтой биш гэнэ. Мэнд, -Энэ муу оронд нь ядаж хөшиг ч байхгүй юм... гэж арга ядсан байдалтай хэлээд толио авч нүүрээ харна. Манай Арслан нэрт малгайн чинээ сэгсгэр хавыг танимхайран давхиж очиход Мэнд эгч ихэд айн орилж чарлах бөгөөд орж гарахдаа надаар хориулан шанд нь чихэр өгөх нь зугаатай. Өдөр хэрд тэр хоёр нуур руу мориор явах болж, Гонио гуай номхон ухаагаа эмээллэв. Мэнд багын унаа, номхон мориноосоо гэрэвшсэн юм шиг нөхрийнхөө араар орж алчуурынхаа сэжүүрээр амаа таглаж, тээнэгэлзэнгүй алхан очиход цэргийн дарга сэвхийтэл өргөөд эмээл дээр тавьчихав. Мэнд гэнэт их айсан мэт сормуусаа сэрвэлзүүлэн, -Хүүеэ, энэ чинь эмгэн догшин морь байна, бууя аа, намайг аваач ээ гэж уйлагнахад нөхөр нь ?Яаж байна гэж гайхав. Мэнд, -Харахгүй юу? Чих нь хөдөлж байна гээд үг сүггүй ухасхийн нөхрөө хүзүүдэж, дөрөөгүй буулаа. Нэг өглөө аав минь нууранд ингэ оруулж яваад ирэхдээ их л ууртай бололтой, байн байн тамхи татаж байснаа гаансаа тогшин түрийлээд, -За, та нар нүүхэд бэлдэж байгаарай, би урд говь руу тэмээнд явлаа гээд босч ирлээ. Ээж, -Юу? гэж лавлав. -Нүүнэ гэж байна аа гэж аавыг зандрахад, -Танд юу шүглэв ээ? Үүнээс илүү нуур ногоогоор яахав гэж гонгинов. Аав, -Нуур ногоо ч яах вэ? Амны усгүй болчихоод байна... Мэндээгийн дагуулж ирсэн тэр нэг хар юм чинь нууранд орчихсон чармай нүцгэн зогсож байна. одоо мэдэв үү?!... гээд гарч одлоо. Би ээжийн дуранг нууж аваад хойд овоон дээр гарч харвал нээрээ л нуурын дунд ганц хонгор адуу шиг юм үзэгдэж, Мэнд эгч шүхрээ барьж, хормойгоо шуун нуурын захад лаг шаварт шигдсэн хөлөө дээр дээр өргөж явах нь цэн тогоруу шиг байлаа. ... Ийнхүү Гониогийнх манайх хоёр нэг удаа салж үзсэн боловч арваад хоногийн дараа тэднийх манай араас нүүн ирж айлсав. Гонио, Цэзэнбадам гуай хоёр их л гэм хийсэн юм шиг харц буруулж дорой дугарах нь өрөвдмөөр... Гэрийг нь эвсэн дэвсэн барьж тохижуулбал нөгөө чихрийн цаас, тамхины иш, хацраа наагаад баймаар зөөлөн бүтээлэг, одон тэмдэгтэй дарга цамц, хурдан ногоон ?штонх? тэрэг цөм үгүй. Гагцхүү гэрт нэмэгдсэн зүйл гэвэл хоймрын улаан авдран дээр байдаг утаанд дарагдсан жижиг гүнгэрвааны шилний цаана Бумцэнд гуай, маршал хоёрын зурагны дунд Мэндийн нөхөртэйгээ авахуулсан патиар шив шинэхнээрээ дурайж харагдана. Би тэр зургийг удтал ширтэн суусаар бараг л дээлний нь нугалааны тоог мэдэхээр болсон билээ. Нөхрийнхөө дэслэгч погооныг хайрлан илж байгаа мэтээр мөрөн дээр нь гараа хөнгөхнөөр тавьж ард нь эрх энхрий нүдээрээ ялдамхнаар инээслэглэн зогссон Мэнд ?урт хормойтой хошмог эмжээртэй ханцуйгүй дээл өмссөн нь шалнаа дэвссэн алшаа хивснээс ургасан юм шиг...? одоо ч миний нүднээ харагдсаар байдаг юм.

Жамухын өчил

Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж, их нутгийн ноён салхинаа гудайсан хялганын толгой гашуудалтайяа бөхөлзөнө. (xөгжим) Тэр газрын цээжийг аниртан чагнаваас, монгол эрсийн нөхөрлөл гунигт хагацлын тухай эмгэнэлт түүхийг үгүүлнэ. Олон аймгийн цуст тэмцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүжиний ялалтаар төгсөж байсан тэр жил . Хаан Жамух нөхдөдөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэж ирлээ. Богд эзэндээ халдсан боол иргэдийг нь Чингис хаан өвс ногоог хүрэнттэл цаазалж, Жамухыг суллаад үгүүлрүүн, "Эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан анд минь, эгнэгт нөхөрлөлөө бататгаж эгүүрд хамт түшилцэн шүтэлцэж явтугай чи" хэмээн өршөөл үзүүллээ. Гэвч нас сүүдэр ид дундаа, төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух хариу өчсөн нь: "Өндөр их хаан суудалдаа чи заларч өрлөг есөн жанжины чинь тоо бүрэн байхад би илүүдэх биз ээ анд минь, чамд зай тавьж өгье. Үндэс мөчир бөхтэй Хорхоногийн сагалгар мод шиг цэцэглэн ганхаж явсан юмсан, үйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөнийг бүү мэд. Атгаг санаат эмийн үгэнд орж андгай тангарагаасаа няцсан цагаас хойш тавилан заяаны хувь төөрөгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хүрч ирлээ. Анд минь чи болгоогтун. Тэнгэрт хос наран мандвал газарт ган болж, гал шатна, Монголд хоёр хаан байвал дажин самуун тасрахгүй. Олон дайнд оройлон чадал хүчиндээ эрдэж явснаа санахад, чиний илдийн дор явж би хэзээ ч чадахгүй. Нэгэнт дийлдэшгүй хүчийг олсон анд чи миний зарлигийн дор явахыг бас тэвчихгүй. Чи бол тэнгэрийн бөө, шадар баатруудадаа тэтгэдсэн Чингис хаан, би чамтай зэрэгцэж өргөгдсөн Хамаг Монголыг захирах Гүр хаан Жамух. Гурван түмэн цэргийнхээ ялалтын уухайгаар Далан балжуудад чамайг шахан сандаргаж явсан домогт тэр Жамух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлонгоос халихаар шийдлээ. Чамд өнө үүрд итгэгдэх ийм замыг сонголоо. Дээр тэнгэрт нар нэгэн байг, Дэлүүн болдогийг гийгүүлэх сар бас нэгэн байг, Дэлхий газарт маань хаан бас нэгэн байг. Өсөх насандаа Ононы мөсөн дээр шагалцан наадаж, өдгөө идэр цагтаа бүх Монголын хувь заяанд холбогдсон чи бид хоёр нэг нарны дор багтахгүй. Учир иймд хоёр их хаан, хоёр их баатар, хоёр монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё анд минь. Хаан Жамухын суу алдарыг даяар монгол мэднэ ээ. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдарыг өндөрт өргөөд өөрөө би амиа тэвчие. Олны санаа бүү хоёрдог , өлмий өвдөг дор чинь өөрийгөө би ивэж өгье хаан анд минь чиний нэр улам агуу болог. Гүр хаан Жамух өөрөө чамд сөгдлөө гэдгийг дуулаад хамаг монгол дөрвөн зүг найман зовхист хаан анд чиний алдар урьд хожид үзэгдээгүйгээр дуурсах болно. Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөгчиж, нөгөө нь хагацая. Есөн хөлт цагаан туг, дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сөгдөн гуйя хаан анд минь. Чи намайг өршөө. Өршөөхдөө цаазалж өршөө. Би чамтай нөхөрлөе, нөхөрлөхдөө үхэж нөхөрлье. Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлгэдэж хаан биеэрээ туг сүлдийг чинь тахия. Эзэнт улсын төлөө миний өргөх өчүүхэн энэ хувь багадах учиргүйг дээр тэнгэр мэднэ. Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй болжээ. Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч тэсэн тэвчиж чадахгүй. Харь дайсан хатгалдахыг санаархвал монгол цэргийн тахир сэлмээр дэлхий дайдыг нумлан хэмжихтүн. Дорно зүгт нар хаанаас манддагыг очиж үзэгтүн, Өрнө зүгт нар хаана шингэдгийг хүрч мэдэгтүн. Бас их төр, эзэнт гүрний хэргийг эмсийнхээ үгтэй хутган зөвшигч надаар төгсгөл болог. Энэ мөчөөс хойш хаан Жамухын алдар урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл цааз үл тойрохын хууль болог." Өчих өчил минь гүйцлээ хаан анд минь Өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч Өүлэн эхийн сүү цусгүй байсныг санаж, Цус гаргалгүйгээр намайг алуулахтун. Үтэр түргэн тонилгогтун, Түүхийн хүрд саад тотгоргүй орчиг" гэлээ. Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнээ өргөж, шадар хүмүүсээ дуудан зарлиг болголоо. "Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр соёрхтугай. Баатар Жамухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүлж, цус гаргалгүйгээр үхүүлэгтүн. Анддаа бэлэглэсэн алтан бүсийг минь бүслүүлж, Армаг сайхан хүлгээр хаан Жамухыг тахиж, Агсах зэвсэг, хуяг дуулгыг нь асаан Хүлэг баатарын ёсоор оршуулагтун. Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдогийг Эр хүн эвдэрэхэд хан тэнгэр хагарч цуурч ч болдогийг түмэн үед санатугай." Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурал суусан армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтаганалаа. Хаадын зарлиг ёсоор болж мөнх тэнгэрийн таалалд нийцэв. Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүчилж, нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.

Отгонтэнгэр уул минь

Отгонтэнгэр уул Отгонтэнгэр уул Шийдвэрийн дугаар: 1995 оны 110 тоот зарлиг Ерөнхийлөгчийн нэр: П.Очирбат Тахилга үйлдсэн он: 1995, 1999, 2003, 2007 он 1992 онд Отгон, Алдархаан сумын 95510 гa тaлбaйг Улсын бaгa хурлын 11 дүгээр тогтоолоор улсын тусгaй хaмгaaлaлтaнд aвч, 1995 оны УИХ-ын 26 дугаар тогтоолоор Дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан. Отгонтэнгэрийн ДЦГ нь Зaвхaн aймгийн төвөөс зүүн тийш 45 км-т нийт 95510 гa тaлбaйг эзлэн оршино. Улaaнбaaтaр хотоос 1000 км aлслaгдсaн. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул нь далайн төвшнөөс дээш 4021м өндөрт Завхан голын баруун гарын цутгал, Буянт голоос баруун тийш зүүн уртрагын 97033`, хойд өргөргийн 47036`-д оршдог. Уулын оргилын мөнх цастай хэсэг нь далайн төвшнөөс дээш 3752 м-с эхлэн дээшилдэг бөгөөд 13 орчим км ам дөрвөлжин талбай эзэлнэ. Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад яг л жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагдаж байдаг ажээ. Отгонтэнгэр уулыг анх 1828 онд дархан цаазтай болгож жил бүр тайн тахиж байхаар зарлигдаж иржээ. Тахилга нь 1930-аад оны үед зогссон бөгөөд 1995 оноос буцаан сэргээжээ. Газар зүйн судалгаанаас үзвэл Отгонтэнгэр уулыг Дундад Азийн хамгийн отгон галт уул гэж үздэг. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуурууд нь найман бэлгэдэл ажээ. Отгонтэнгэр хайрханы зүүн бэлд баруун өмнө зүг чиглэн аварга том яст мэлхийн хэлбэр бүхий харлаг хад бий. Түүнийг мэлхий хад гэдэг бөгөөд Очирваань хайрханыг хамгаалан оршдог гэсэн домог буй. Отгонтэнгэр хайрханы баруун урд байх Бадархундага уулын орчимд хадан халивтай, хадан тогооноос шавхаад шавхаад дундардаггүй, дүүрээд бас хальдаггүй “Мөнхийн ус” хэмээх рашаан мэлтэлзэнэ. Энэ уснаас уухад ходоодны хүчил нь ихэдсэн хүн илааршина. Мөн “мэндэр” гэж нэрлэдэг улаан чулууг шавар болгон нухаад түлэнхийд түрхэхэд төдөлгүй эдгэрдэг. Отгонтэнгэр хайрхан түүний ойролцоох уулсыг оролцуулан 955 хавтгай дөрвөлжин талбай бүхий газрыг 1992 онд төрийн хамгаалалттай дархан цаазат газар болгожээ. Отгонтэнгэр уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай билээ. Очирвааний оргилд ил байдаг уулсууд бүгдэд нь хормой, энгэргүй бүрхэж таван зүйлийн өнгө үнэр сүлэлдсэн арц ургадаг. Тэр дундаа хонин арц нь бүүр ч үнэр тансаг ажгуу. Арцыг гишгэх, мөчрийг нь гэмтээхийг эрс цээрлэнэ. Арцыг авахдаа ном ёсоор нь Очирвааний зүрхэн тарни хэлж хормой дэвсэн сөхөрч суугаад алга хавсран мөргөн гуйж авдаг уламжлалтай. Вансэмбэрүү хэмээх гайхамшигт ихэр цэцэг царам асга бараадан найман сарын дундуур дэлгэрэн ургана. Тэр бүр эрсэн хүнд олдохгүй. Үзэгдэх хүндээ 20, 30-аараа үзэгдэнэ гэж ярьдаг.

отгонтэнгэрээр аялсан хүний тэмдэглэл

581228_412438442108039_1778968812_nТэртээх хөх уулсын дундаас нэгэн Цаст хайрхан уул бусдаас өндөрт дүнхийн харагдах. Цэлмэг тэнгэрт ямар ч үүл алга. Нарны туяа цагаан уулын оройд гялбаалан тусах нь уулыг улам сүрлэг үзэсгэлэнтэй харагдуулах аж. Миний хувьд зурагнаас л харж бишрэн хүндэлдэг тэнгэрлэг тэрхүү уулын бэлд очихоор зорьж яваа минь энэ. Бид Завхан аймгийн Отгон сумаар дайраад нэлээд бартаа саадтай замаар явсаар Отгонтэнгэр хайрханы бэлд үдэш очиход өглөөн нарнаас цэлмэгхэн байсан тэнгэрт үүл хурж, удалгүй бороо орж ширүүссэнээр хайрхан тэр чигээрээ үүлэн дунд умбав. Хангайн оргил цэгийн дэргэд ирснийг мэдрүүлэх мэт хүйтэрч, бороо орохтой зэрэгцэн манайхан ч майханаа барьж, дулаан хувцасаа давхарлан өмслөө. Гадаа лав -2-3 хэмтэй байгаа байх аа. Харин нутгийн саахалт айлын хүүхдүүд бараг нүцгэн шахам гэрээсээ орж гарч харагдана. Тэд Цаст уулын энгэрт төрж, өссөн болохоор баргийн хүйтнийг ажрахаа байсан биз дээ. Маргааш өглөө нь ургахын улаан наран байгаль дэлхийг гэрэлтүүлэн мандахад сэрлээ. Бөх унтжээ. Урд орой нь майхныг маань аваад хаячих шахам аашилж байсан цаг агаар нам гүм. Ямар ч үүлгүй цэлмэгхэн хөх тэнгэр, өглөөн нарны туяагаа цацруулж, Отгонтэнгэр хайрханы оройн цас цагааранхан харагдах. Монголын ард түмний буян заяаг ивээлдээ аван дүнхийх Цаст цагаан уулыг “оригоор” харах нь юутай гайхалтай вэ. Хүндлэм, бишрэм, хайрлам сэтгэл төрнө. Байгаль дэлхийтэйгээ ойр өссөн монгол хүн бүрийн сэтгэлийг соронзон мэт татах энэ л эгэлгүй уул нутгийнхны ярьдгаар үнэхээрийн амьд юм болов уу. Өнгөрсөн зургадугаар сард болсон Отгонтэнгэр уулын Төрийн тахилгын үеэр Монголын бурхан шашинтны холбооны тэргүүн хамба Д.Чойжамц “Биднийг уулын бэл доороос ирж явахад Отгонтэнгэр уул яг л амьд юм шиг санагдсан. Үүлээр биеэ нуугаад бороо зүсрээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээж авч байгааг нь харахад яг л амьд юм шиг. Ямар гайхамшигтай юм бэ. Бид л сэтгэл зүрхнээсээ тахиж чадвал энэ уул ус гэдэг чинь эзэнтэй юм байна гэдэг бодол төрж байлаа” гэжээ.

Отгонтэнгэр хайрхан минь

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий. Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулын нэг бөгөөд тахилгатай уулынх нь хувьд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ. Отгонтэнгэр уул нь Улиастай хотоос 100 км, амралтын газраас урагш 20 гаруй км зайтай оршино[1]. Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул мөн бөлгөө.Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэнийг “Хаадын сан” цувралын Чингис ханы ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулжээ. Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8р зуунд Түргүүд тахидаг байсан.Түүнээс хойш 1779онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна. Энэ хайрхан нь хангай нурууны ноён оргил дтд- 4031 м өргөдсөн Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчимын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг. Завхан аймгийн Отгон сумын нутагт оршдог Аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78км, Отгон сумаас Хайрхаы өвөр Бадархундаг нуур хүртэл 55 км байдаг байна. Мөнх цаст Отгонтэнгэр уул, Бадархундага нуур, өвөрмөц тогтоц бүхий гол нуур, халуун хүйтэн рашаан, Отгоны амралт, Даян амралт, биологийн төрөл зүйл, Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр уул нь далайн түвшнөөс дээш 4031 м өргөгдсөн, 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамал зэрэг нэн ховор, ховор ан амьтад, ургамалтай. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна. Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч Бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн. Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгыг төрийн нэрийн өмнөөс үйлддэг шашин, төрийн хосолмол ёслол бөлгөө.

завхан нутаг жаргалын орон